191 дагагчийнхаа амийг хөнөөсөн шашны бүлгийн удирдагч Кени улсын шүүхээс 200 жилийн хорих ял сонслоо
Баасан гарагт Кени улсын шүүх 400 гаруй хүний амь настай холбоотой, "ертөнцийн төгсгөл"-ийг номлодог шашны бүлгийн тэргүүнд 191 хүний амийг хөнөөсөн хэргээр 200 жилийн хорих ял оноожээ. Тус улсын эргийн бүсэд оршдог Момбаса хотын Дээд Шүүхээс пастор Паул Маккензид ийм ял оногдуулсан байна. Тэрбээр дагагчдадаа Есүстэй уулзахын тулд өлсөж үхэхийг тушаасны улмаас 190 хүүхэд, нэг насанд хүрсэн хүн амиа алдаж байжээ. "Сайн мэдээний олон улсын сүм" (Good News International Church) бүлгийн тэргүүн Маккензи нь дагагчдаа алслагдсан газарт нүүлгэн шилжүүлж, тэдэнд өлсөж үхэхийг тушаасан үйлдлийнхээ төлөө шийтгүүлж буйг шүүгч Диана Каведза танилцуулсан байна. Маккензигээс гадна түүний тушаалыг биелүүлж, хүмүүсийг өлсгөж байсан харуул хамгаалалтынхан болон олноор нь оршуулсан газрыг нуун дарагдуулахад тусалсан хүмүүс зэрэг нийт 28 дагалдагч нь бас хүн амины хэрэгт буруутгагджээ. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав 2023 онд Кени улсын эргийн бүсэд орших Килифи дүүргийн Чакама фермийн 320 га талбай бүхий газраас бөөнд нь булсан 448 хүний цогцсыг илрүүлж байсан юм. Эрх баригчдын хараа хяналтаас хол энэ газарт Маккензигийн дагагчид шавар овоохойд амьдарч байжээ. 60 гаруй цогцсын хэнийх болохыг нь тогтоож, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч оршуулсан бол бусдынх нь хэн болохыг тогтоож чадаагүй бөгөөд тэднийг нэхэмжлэх хүн ч гарч ирээгүй байна. Хохирогчдын 183 нь хоол хүнс огт хэрэглээгүйгээс болж өлсөж үхсэн, харин үлдсэн найман хүний амийг шууд хөнөөсөн гэж үзэж болохоор байгааг шүүх хурлын үеэр прокурорууд мэдээлжээ. Шүүгчийн хэлснээр гэмт хэрэгтнүүд гэмшсэн шинж огт үзүүлээгүй бөгөөд харин ч өөрсдөө өлсөж үхэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байсан гэнэ. Прокурорууд Маккензид цаазаар авах ял, харин түүний хамсаатнуудад бүх насаар нь хорих ял оноохыг шаардсан байна. Кени улсын хуульд цаазаар авах ял байдаг хэдий ч 1987 оноос хойш цаазаар авах ганц ч ял гүйцэтгээгүй байгаа юм. Мөн Маккензийг 30 км-ийн зайд орших өөр нэг тосгоны газраас цогцос нь олдсон 52 хүний амийг хөнөөх тушаал өгсөн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд үүнийг тооцвол нийт хохирогчдын тоо 500-д хүрч болзошгүй байна. Тэрээр энэ хэрэгт өөрийгөө гэм буруугүйг мэдэгджээ. Энэхүү аллагын цар хүрээ нь 2000 онд Уганда улсад 700 гаруй хүний амийг хөнөөсөн "ертөнцийн төгсгөл”-ийг зөгнөдөг шашны бүлгийн үйлдэл, мөн 1978 онд Гайана улсад Америкийн шашны бүлэглэлийн тэргүүний тушаалаар 900 гаруй хүн хор ууж амиа алдсан "Жонстаун"-ы эмгэнэлт явдалтай дүйцэхүйц байна. Кенийн Хүний Эрхийн Комиссын шуурхай хариу арга хэмжээ авах хэлтсийн дарга Ожиро Одиамбо энэхүү ял шийтгэл нь чухал алхам мөн боловч хариуцлагын асуудал үүнээс цааш үргэлжлэн яригдах ёстойг мэдэгджээ. Учир нь орон нутгийн удирдлагууд, цагдаа, тагнуулын ажилтнууд болон шашны тэргүүнүүд энэ аюулын талаар олон удаагийн анхааруулгыг үл тоомсорлож, зохих арга хэмжээ аваагүй тул мөн хариуцлага хүлээх ёстой гэж тэр үзэж байна. Эх сурвалж: Associated Press
