Илон Маск зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck загварынхаа үйлдвэрлэлийг зогсоохоор болжээ
Баасан гарагт Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск тус компанийн Техас дахь үйлдвэрийн Cybertruck цахилгаан пикап загварын үйлдвэрлэлийг 2027 оны дунд үеэс зогсоохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Уламжлалт пикап автомашинуудын өрсөлдөгч болно хэмээн сурталчлагдаж байсан, футурист загвартай энэхүү автомашин нь нүсэр хүнд бие, хурц өнцөгтэй хийцээсээ болж цөөн хэдэн улсын зах зээлд л зарагдсан бөгөөд борлуулалт нь олон жилийн турш сул байсаар ирсэн юм. Маск уг загварын үйлдвэрлэлийг зогсоох нь саяхан шинээр танилцуулагдсан Cybercab загварын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж гэж үзэж байгаагаа X хуудсандаа бичсэн байна. Тэрбээр Cybercab-ийг Теслагийн "робот такси" (жолоочгүй такси) төслийн гол бүтээгдэхүүн болгон харж байгаа юм. Cybertruck-ийн үйлдвэрлэлийг өөр үйлдвэр рүү шилжүүлэх үү, эсвэл бүрмөсөн зогсоох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Теслагийн Остин дахь үйлдвэр нь тус загварт шаардлагатай тусгай эд ангиудыг үйлдвэрлэх хүчин чадалтай цорын ганц байгууламж гэгддэг. X сүлжээний нэгэн хэрэглэгчийн асуултад хариулахдаа Маск Cybertruck-ийг "Теслагийн бүтээсэн хамгийн шилдэг автомашин" гэж нэрлээд үйлдвэрлэлийг зогсоох шийдвэрийг "нэгэн эриний төгсгөл" хэмээн тодорхойлжээ. АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч тус компани Cybertruck загварыг 2023 оны сүүлчээр захиалагчдад нь хүргэж эхэлсэн юм. Kelley Blue Book судалгааны тайланд мэдээлснээр өнгөрсөн онд АНУ-д 20,237 ширхэг Cybertruck зарагдсан нь өмнөх оны 38,965 ширхэгтэй харьцуулахад 48 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Энэхүү пикап автомашиныг худалдаанд гарахаас өмнө Маск жилд 250,000 ширхэг зарагдах таамаг дэвшүүлж байсан юм. Aston Martin компанийн гүйцэтгэх захирал асан Энди Палмер "Зорилтот үзүүлэлтүүдээ биелүүлж чадахгүй байгаа үед үргэлжлүүлэн үйлдвэрлэх нь утгагүй хэрэг. Автомашины салбарын аливаа эрүүл сэтгэлгээтэй хүн бүр үүнтэй санал нийлэх байх" гэж хэлжээ. Тэрбээр цааш нь "Энэ нь Теслагийн санхүүгийн тайланд бараг анзаарагдахгүй, өчүүхэн тоо байх болно. Гэхдээ статистик тоо баримт өөрөө бүхнийг хэлээд өгч байна" хэмээн нэмж хэлсэн юм. 2019 онд анх танилцуулагдсан цагаасаа эхлэн Cybertruck нь Маскийн хувьд маргаан дагуулсан сонголт байсаар ирсэн. Түүний хурц өнцөг ихтэй, өвөрмөц загварыг шинжээчид шүүмжилж, ялангуяа Европын зах зээлд нэвтрэх зөвшөөрөл авахад хэцүү байхыг анхааруулж байв. Танилцуулах арга хэмжээний үеэр Маск уг машины цонх хагардаггүйг батлахын тулд металл бөмбөг шидүүлсэн боловч хоёр цонхонд том хагарал үүссэн нь үзэгчдийн сэтгэгдлийг багагүй гонсойлгосон юм. 2023 онд Cybertruck-ийн албан ёсны нээлтийн үеэр Маск үүнийг General Motors болон Ford компаниудын пикап автомашинуудын ирээдүйн өрсөлдөгч хэмээн сурталчилж, “эцсийн эцэст ирээдүй маань яг л ирээдүй шигээ харагдах болно" гэж хэлж байв. Cybertruck-ийн хурц ирмэгтэй, зэвэрдэггүй ган хийц нь цахилгаан тээврийн хэрэгсэл илүү түгээмэл борлогддог Европ зэрэг зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарласан юм. Европын Холбоонд явган зорчигчтой мөргөлдөх үеийн аюулгүй байдлын хатуу дүрэм журам байдаг тул тус бүс нутагт уг машиныг ашиглах зөвшөөрөл авах боломжгүй байв. Палмер "Явган зорчигчтой мөргөлдөх үеийн аюулгүй байдлыг харгалзан үздэг дүрэм журамтай аль ч бүс нутагт Cybertruck нэвтрэх боломжгүй, нэвтрэх ч эрхгүй" гэж хэлжээ. Сүүлд танилцуулагдсан Cybercab загвар нь эрвээхэйн далавч мэт дээшээ нээгддэг хаалгатай бөгөөд жолооны хүрд, педаль, толь зэрэг зүйл байхгүй. Энэ нь Тесла компанийг зөвхөн автомашин үйлдвэрлэгчээс хиймэл оюун ухаан (AI) болон робот техникийн компани болгон хувиргах Маскийн гол зорилтуудын нэг юм. Маск үүнийг дэлхий даяар үйлчлэх робот таксины сүлжээнд зориулсан Теслагийн бие даасан жолоодлоготой гол загвар болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Робот жолоодлоготой тээврийн хэрэгсэл бүтээх Маскийн зорилт олон жилийн турш хойшлогдсоны эцэст Тесла есдүгээр сараас эхлэн Остин хотод цөөн тооны Cybercab ашиглан төлбөртэй зорчих үйлчилгээг туршиж эхэлжээ. Гэсэн хэдий ч Cybercab загвар холбооны автомашины аюулгүй байдлын стандартад нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Эх сурвалж: Reuters
