Хунтайж Харригийн хадам аав хүүхэдтэй холбоотой садар самуун материал хадгалсан хэргээр АНУ-д баривчлагдав
Баасан гарагийн өглөө Флорида мужид холбооны агентууд Их Британийн хунтайж Харригийн эхнэр Меганы эцэг Томас Марклыг баривчилсан тухай уг хэрэгт ойр эх сурвалжууд мэдээллээ. Түүнийг хүүхдийн бэлгийн хүчирхийллийн дүрс бичлэг, зурагтай холбоотой хэрэгт буруутгаж байгаа аж. 82 настай Марклыг түүний амьдардаг Тампа хотын ойролцоо байрлах ахмадын асрамжийн газраас саатуулжээ. Түүний Филиппин дэх хуучин гэр болон Мексик улсад түрээсэлж байсан агуулахаас хүүхэдтэй холбоотой садар самууны материалууд олдсон гэх мэдээллийн дараа түүнийг баривчилсан байна. Меган саяхан аавынх нь хуучин гэрээс хүүхдийн бэлгийн хүчирхийллийн дүрс, зургийн цуглуулга олдсон гэх мэдээлэлд "маш их санаа зовж" байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр мөн 2018 онд аавынх нь талаар "ноцтой сэжиг бүхий мэдээлэл" агуулсан захидал Лондоны цагдаагийн газарт ирж байсныг энэ үеэр дурссан байна. АНУ-ын иргэн, "Suits" телевизийн цувралд дүр бүтээж байсан Меган 2018 онд Виндсор шилтгээнд хунтайж Харритай гэрлэж байв. Тэд Арчи, Лилибет хэмээх хоёр хүүхэдтэй болсон. Телевизийн гэрэлтүүлэг, зураг авалтын найруулагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан түүний эцэг хуримд нь оролцоогүй бөгөөд үүнээс болж Меган аавтайгаа харилцаагаа тасалсан тухай Британийн хэвлэлүүд бичиж байв. Меган бас хүүхдүүдээ хамгаалахын тулд ааваасаа хол байхаар шийдсэн гэж мэдэгдэж байсан юм. Түүний эцэг Маркл энэ оны эхээр Филиппинд амьдарч байхдаа цус харваж, зүүн хөлөө тайруулжээ. Үүний улмаас тэр АНУ-д буцахаас өөр аргагүй болсон юм. "The Sun" сонины мэдээлснээр түүний хүү Томас Маркл Жүниор саяхан Филиппиний Себу хот дахь аавынхаа хуучин гэрийг цэвэрлэж байхдаа хайрцгуудаас "хэдэн зуун, магадгүй хэдэн мянган" хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, дүрс бичлэг олсон байна. Тэрбээр тус сонинд ярихдаа олсон зүйлсийнхээ талаар Филиппиний цагдаагийн байгууллагад мэдэгдэж, Холбооны Мөрдөх Товчоо (FBI)-той холбогдсоныг мэдээлжээ. "Би түүнийг олон жилийн турш дэмжиж, асран халамжилж, тусалж ирсэн ч одоо үүгээр дуусгавар болж байна. Хэрэв түүний эсрэг мэдүүлэг өгөх шаардлага гараагүй л бол би цаашид аавтайгаа хэзээ ч ярихгүй” гэж тэр "The Sun" сонинд ярьсан байна. Эх сурвалж: Associated Press
