Европын телевизүүд тэсрэх бөмбөгийн хуурамч сүрдүүлгийн хохирогчид боллоо
Баасан гарагт Европын хэд хэдэн телевизийн сувагт “цагтай тэсрэх бөмбөг тавьсан” тухай хуурамч сүрдүүлгүүд иржээ. Үүний улмаас тухайн газруудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, нэвтрүүлгийн хуваариа түр зогсооход хүрсэн байна. Ирландын RTE, Британийн Sky, Болгарын хувийн Nova TV зэрэг телевизийн сувгуудад ийм анхааруулга ирсэн болохыг тус байгууллагууд мэдээлжээ. Гэхдээ шалгалтаар аль ч газраас тэсрэх бөмбөг, тэсрэх төхөөрөмж олдоогүй байна. RTE телевиз шалгалтын үеэр нэвтрүүлгүүдийнхээ оронд хөгжим болон урьдчилан бичсэн мэдэгдлийг гурван цаг орчмын турш цацжээ. Сүүлийн өдрүүдэд Серби, Финланд, Испани зэрэг улсуудад зорчигч тээврийн нисэх онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан тухай хуурамч сүрдүүлгүүд дараалан ирсэн билээ. Үүний улмаас онгоцнууд чиглэлээ өөрчлөх, яаралтай газардах, аюулгүй байдлын нарийвчилсан үзлэг шалгалт хийх зэрэг хүндрэлүүд үүссэн ч одоогоор ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй байна. Сүүлийн долоо хоногуудад Европын супермаркетуудыг чиглэсэн хакерын халдлагууд дараалан гарсан нь кибер аюулгүй байдалтай холбоотой түгшүүрийг улам нэмэгдүүлээд байгаа. Баасан гарагт Nova болон RTE телевизүүдэд ирсэн цахим захидлуудын нэгэнд "Бидний тухай дэлхий нийт мэдээсэй гэж хүсэж байна. Тиймээс манай нэг гишүүн танай барилгад тэсрэх төхөөрөмж байрлууллаа. Энэ нь 45 минутын дараа дэлбэрнэ. Цаг явж байна" гэж бичсэн байжээ. Баасан гарагт гарсан энэхүү хуурамч сүрдүүлгийн ард хэн байгаа нь тодорхойгүй байна. RTE болон Nova телевизэд ирсэн захидлуудад "Михаил Андропов" гэсэн нэрээр гарын үсэг зурсан байсан бөгөөд уг захидлыг бичсэн хүн энэ долоо хоногт онгоцны нислэгүүдтэй холбоотой гарсан худал сүрдүүлгүүдийг зохион байгуулсан бүлгийн удирдагчдын нэг гэж өөрийгөө танилцуулжээ. Мөн уг захидалд "Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Энэ долоо хоногт болсон үйл явдал бол ойрын ирээдүйд Европыг хүлээж буй зүйлсийн өчүүхэн хэсэг төдий юм" гэж нэмж бичсэн байна. Захидлыг бичсэн гэх хүний овог нь ЗХУ-ын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Юрий Андроповынхтой ижил байв. Цахим захидлын гарчиг "Өрнөдийнхөнд илгээх зурвас" гэсэн утгатай байсан нь Андроповын тухай "Өрнөдийнхөнд тулгарсан шинэ сорилт" (New Challenge to the West) хэмээх намтар номын гарчигтай төстэй байжээ. Энэ нь Оросын оролцоотой, эсвэл Москвад буруугаа чихэж, мөрөө буруулах гэсэн оролдлого байж магадгүй харагдаж байна. Цагдаа нар RTE телевизийн байранд гурван цаг гаруй хугацаанд үзлэг шалгалт явуулж дууссаны дараа ажилтнууд ажлын байрандаа эргэн иржээ. Ирландын ерөнхий сайд Михол Мартин агаарын тээвэр болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад чиглэсэн эдгээр заналхийллийг хувь хүмүүсийн үйлдэл, эсвэл зохион байгуулалттай халдлагын нэг хэсэг үү гэдгийг Европын аюулгүй байдлын албаныхан хараахан тогтоогоогүй байгааг мэдэгдсэн байна. "Энэ нь айдас түгшүүр төрүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх зорилготой, ердийн бус үйлдлүүдээр дамжуулан нийгмийн хэвийн амьдрал, үйл ажиллагааг алдагдуулж, саад учруулах нь хэр амархан болохыг харуулж байна. Бид тайван байх хэрэгтэй” гэж Мартин хэвлэлд ярьжээ. Эх сурвалж: Reuters
