Depository of News

Ц.Бямбасүрэн: Ачааны машины даацыг 44 тонноос хэтрүүлэхгүй байхыг уриалж байна

newsdepo.com · world

Нийслэл хот дотор ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, шалгалт хийж эхэлжээ. Энэ тухай НТБГ-ын ачаа тээвэр, авто үйлчилгээний хэлтсийн ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн " Том оврын ачааны машины тээвэрлэлттэй холбоотой иргэдээс ирж буй өргөдөл, гомдол болон жил бүрийн 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15-нд авто зам хөлдөж эхлэх эмзэг үе таардагтай холбогдуулан төлөвлөгөөт бус шалгалтыг эхлүүллээ. Шалгалтыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд явуулын пүү ашиглаж байна. Энэ үеэр ачаа тээвэрлэлтийн стандартын дагуу иргэд, ААН, байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, зөрчилд хариуцлага тооцож байгаа юм. Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд хүргэлт, түгээлт, ачааны тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулдаг. Шалгалтын явцад 72 тээврийн хэрэгслийн гурав нь л замын хуудсаа авсан байв. Иймд жолооч нар замын хуудсаа авч, холбогдох журмын дагуу замын стандартад заасан дээд хэмжээ буюу тээврийн хэрэгсэлд 44 тонноос илүү ачаа ачихгүй байхыг уриалж байна" гэв. Ачааны автомашины даацыг хэтрүүлэх нь зам эвдрэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Нийслэл хот дотор тээвэрлэлт хийж буй ачааны автомашинд E, С түр замын хуудас олгодог бөгөөд иргэн, ААН-үүд уг зөвшөөрлийг авч тодорхой цаг, заасан маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох эрхтэй болдог аж. E, С эсвэл Түр замын хуудасгүйгээр хязгаарласан бүс рүү нэвтэрсэн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт зааснаар хариуцлага тооцдог байна. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт: Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ .

Read full article →