Depository of News

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд 3.6 сая тун вакцин худалдан авчээ

newsdepo.com · health

Энэ онд зохион байгуулж буй төлөвлөгөөт дархлаажуулалтын ажил улсын хэмжээнд үргэлжилж байгааг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэв. Тодруулбал энэ онд нийт 19 нэр төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг технологит хугацаанд нь хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажил хэвийн, 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл хэллээ. 2026 онд олон улсын хорио цээрт гоц халдварт шүлхий болон ямааны годрон өвчин гарсантай холбогдуулан төсөвлөсөн зардал нэмэгдэх, төлөвлөгөөт дархлаажуулалтын хүрээнд нэмэлт арга хэмжээ авах шаардлага үүссэн талаар тэрбээр мэдээлэв. Мал эмнэлгийн ерөнхий газар нь 2025 онд 17.3 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. Өр төлбөрийн асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад танилцуулж, 10.1 тэрбум төгрөгийн өр, төлбөрийг бүрэн барагдуулаад байна. Түүнчлэн малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, дархлаажуулалтын зардлын өсөлттэй холбоотойгоор 2026 онд нийт 30.8 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тул уг асуудлыг мөн ХХААХҮ-ийн сайдад танилцуулж, улсын төсвийн тодотголд тусгах замаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр 2025 оны өр төлбөр болон 2026 оны нэмэлт санхүүжилтийг Мал эмнэлгийн ерөнхий газраас энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэхээ мэдэгдлээ. Технологит дархлаажуулалтын ажлыг гурван үе шаттайгаар зохион байгуулснаас эхний болон хоёрдугаар шатны ажил бүрэн дууссан. Харин шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх гуравдугаар шатны бэлтгэлийг хангах хүрээнд нийт 3.6 сая тун вакцин худалдан авах ажлыг зохион байгуулсан байна. Намрын дархлаажуулалтын энэхүү гуравдугаар шатанд Хангайн болон Говийн бүсийн үхэр сүргийг хамруулахаар төлөвлөжээ. Вакцинаа арваннэгдүгээр сарын 5-ны дотор аймаг, орон нутгийн мал эмнэлгийн байгууллагуудад хүргэх бэлтгэлийг хангаж байна. Тус дархлаажуулалтыг арваннэгдүгээр сарын 8-наас эхлүүлж, арванхоёрдугаар сарын 1-ний дотор дуусгахаар хугацааг товлосон. Мөн ямааны годрон өвчний дэгдэлттэй холбогдуулан вакцины нөөц бүрдүүлэх, цаашид дотооддоо үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг мэдээллээ. Дотоодын вакцин үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулж, 1.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. Өнөөдрийн байдлаар вакцин үйлдвэрлэлийн нийт зардлын 80 хувийг “Биокомбинат” ТӨХК-д шилжүүлж, үйлдвэрлэлийн ажлыг эрчимжүүлээд байгааг мэдээллээ.

Read full article →