Depository of News

Их Британийн шүүх жүжигчин Рассел Брэндийг хүчин, бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгалаа

newsdepo.com · world

Пүрэв гарагт Лондон хотын шүүх Британийн хошин урлагийн жүжигчин Рассел Брэндийг хүчин болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутай гэсэн дүгнэлт гаргажээ. Ийм хэргээр яллагдвал тэр олон жил шоронд хоригдохоор байна. Лондон хотын “Southwark Crown Court” тангарагтны шүүх 51 настай Брэндийг хүчингийн нэг хэрэг, бэлгийн хүчирхийллийн гурван хэрэгт буруутай гэж үзжээ. Харин хүчингийн өөр хоёр хэрэг болон бэлгийн шинжтэй хүчирхийлэл үйлдэхийг завдсан нэг хэргээс түүнийг цагаатгасан байна. Америкийн поп од Кэти Перригийн хуучин нөхөр болох Брэнд өөрт нь тулгасан хэргүүдийг үгүйсгэж байв. Тэрбээр гэмт хэрэгт тооцогдож буй үйлдлүүдийнхээ заримыг харилцан тохиролцсоны үндсэн дээр хийсэн, заримыг зохиомол зүйл хэмээн няцааж байсан юм. "Get Him to the Greek", "Arthur" зэрэг кинонуудад тоглосон Брэндийг прокурорууд "харгис" бэлгийн хүчирхийлэгч гэж тодорхойлжээ. Шүүгч Жоэл Беннатан ирэх Даваа гарагт Брэндэд ял оноох бөгөөд тэр олон жилийн хорих ял сонсож болзошгүй байна. Өчигдөр шүүхийн шийдвэр гарсны дараа Брэндийг цагдан хорьжээ. Лондон хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны ахлах ажилтан Энди Фурфи шүүхийн дүгнэлтийг "өөрт тохиолдсон явдлын талаар ил гарч, мэдэгдсэн эмэгтэйчүүдийн ер бусын зориг, тэсвэр хатуужил, шийдэмгий байдлын баталгаа" боллоо гэж хэлсэн байна. Фурфи "Брэнд өөрийн нөлөө, байр суурь, алдар нэрээ ашиглан эмэгтэйчүүдийг дарамталж, тэдний эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Түүний нэр хүнд өсөхийн хэрээр өөрийгөө юу ч хийсэн болно гэж үзэх хандлага нь ч мөн нэмэгдсэн байна” гэж дүгнэжээ. Прокуроруудын мэдээлснээр 1999-2009 оны хооронд гарсан эдгээр хэргүүд нь жижиг газруудад хошин шогийн үзүүлбэр үзүүлдэг байсан Брэнд телевизийн хөтлөгч, Холливүүдийн кино од болтлоо алдаршсан цаг үеийг хамарч байна. Шүүх хурал дээр зургаан хохирогчийн мэдүүлгийг сонссон бөгөөд тэд бүгд насан туршдаа нэрээ нууцлуулах эрхтэй болжээ. Эдгээр эмэгтэйчүүд бие биеэ танихгүй хүмүүс байсан ч 2023 онд Брэндийн талаар бусад эмэгтэйчүүдийн нэрээ нууцалсан гомдол, мэдээлэл бүхий телевизийн баримтат кино, хэвлэл мэдээллийн нийтлэлүүд гарсны дараа цагдаагийн байгууллагад ханджээ. Түүнийг яллахад хүргэсэн хүчингийн хэрэгтэй холбоотой хамгийн тодорхой нотлох баримт нь 2009 онд болсон үйл явдал юм. Хохирогч эмэгтэй тухайн үед Брэндтэй тоглолтынх нь дараа танилцаж, түүний хувцас солих өрөөнд бэлгийн харилцаанд оржээ. Тэрбээр хэд хоногийн дараа Брэндийн гэрт очсон бөгөөд тэнд харилцан тохиролцсоны үндсэн дээр дахин бэлгийн харилцаанд орсон байна. Энэ үед Брэнд шулуун гэдсээр нь хүчиндсэн болохыг хохирогч сүүлд прокурорт мэдүүлжээ. Үүний дараа Брэнд түүнээс цус болон бусад бохирдлыг цэвэрлэхийг шаардаж байсан гэнэ. Мөн Брэнд 2004 онд Лондон хотын нэгэн бааранд бэлгийн шинжтэй халдлага үйлдсэн хэрэгтээ буруутгагдсан байна. Брэнд үдэшлэг дээр өөрт нь дөхөж очоод хөхийг нь атгаж авсныг хохирогч эмэгтэй шүүхэд мэдүүлжээ. 2009 онд гарсан өөр нэг хэрэгт Брэнд сурталчилгааны төсөл дээр хамт ажиллаж байсан эмэгтэйд бэлгийн шинжтэй халдлага үйлдсэн нь тогтоогдсон байна. Шүүх хурал дээр яригдсанаар Брэнд түүнээс өөртөө иллэг хийж өгөхийг шаардаж, улмаар хамт ажилладаг хоёр хүнийхээ дэргэд толгойгоо эмэгтэйн хөлийн завсар шургуулж байжээ. Мөн 2004-2005 оны үед нэг радио станцад ажилладаг байсан эмэгтэй Брэнд дагалдан явсан хүмүүсийнхээ нүдэн дээр түүний биед халдсаныг мэдүүлсэн юм байна. Эх сурвалж: Reuters

Read full article →