Газрын хэвлийд халдаж байгаль орчинд хохирол учруулсан этгээдээс ₮16 саяыг гаргуулж улсын орлого болгожээ
Прокурорын байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалгаж шийдвэрлэх, экологид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлж байна. Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Увс аймгийн прокурорын газар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, аравдугаар сарын 19-30-ны өдрийг хүртэлх хугацаанд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдээс тоймлон хүргэлээ. Баянхонгор аймгийн прокурорын газраас: -П.Б нь Баянхонгор аймгийн ... сумын нутаг дэвсгэрт 2022 оны аравдугаар сарын 05-07-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан буюу газрын хэвлийд халдаж байгаль орчинд хоёр сая төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээхтэй холбоотой 491,000 төгрөгийн хор уршиг учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэг (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техникийн үнэлгээ буюу 16 сая төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн талаар Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.
