Depository of News

Бразилд болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр шүүгч 53 улаан хуудас үзүүлсэн нь дэлхийн шинэ дээд амжилт болжээ

newsdepo.com · world

Бразилд болсон 20 хүртэл насны ангиллын хөлбөмбөгийн тэмцээний үеэр эмх замбараагүй байдал үүссэний улмаас шүүгч 53 улаан хуудас үзүүлж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. “Minas Gerais Under-20 Championship” тэмцээний хагас шигшээ шатны эхний тоглолт Уберландиа болон Маморес багуудын хооронд өрнөхөд 43 тоглогч, дасгалжуулагчдын багийн найман гишүүн талбайгаас хөөгдсөн байна. Мөн Уберландиа багийн төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр гишүүнийг талбайгаас хөөснөөр энэ тоо 53-т хүрчээ. Өмнөх дээд амжилт нь 2011 онд Аргентинд болсон тавдугаар дивизионы Клуб Атлетико Клэйпол болон Викториано Аренас багуудын хооронд болсон тоглолтын үеэр 36 улаан хуудас үзүүлсэн тохиолдол байсан юм. Бразилын хэвлэлүүдийн мэдээлснээр Parque do Sabia цэнгэлдэх хүрээлэнд их хэмжээний хохирол учирсны улмаас гаднаас цэрэгжсэн цагдаагийн хүч дуудахад хүрсэн байна. Шүүгчийн дүгнэлтэд өгүүлснээр тоглолтын хоёрдугаар хагаст Маморес багийн тоглогч Дави гоолын баяраа тэмдэглэхдээ эсрэг багийн сэлгээний суудлын өмнө очиж, доог тохуу хийснээр зодоон эхэлжээ. Энэ үеэр Уберландиа багийн дасгалжуулагч Пауло Серхио Диас Дош Сантос түүнтэй сөргөлдөхөөр талбайд гүйж гарснаар зодоон эхэлж, гурван тоглогчийн хамт талбайгаас хөөгдсөн байна. Цагдаагийн тайланд 14 хаалга, шүршүүр, вандан сандал, ширээ, сандал эвдэрч, цонх хагарсан тухай дурджээ. Тоглолтыг ойролцоогоор 40 минут түр зогсоосны дараа шүүгч Фернандо Патрик Дросгич Модесто талбайг орхин явсан байна. "Хоёрдугаар үеийн 54 дэх минутад зодоон дэгдэж, улаан хуудас үзүүлэх, тоглолтын хаалтын протоколыг биелүүлэх боломжгүй болсон тул тоглолтыг орхисон" гэж Модесто тайландаа бичжээ. Үүний улмаас хоёр баг цөөхөн тоглогчтой үлдсэн тул хагас шигшээ шатны хоёр дахь тоглолт зохион байгуулагдах боломжгүй болсон байна. Харин Маморес баг шигшээ тоглолтод шалгарч, Уберландиа гуравдугаар байрын төлөөх тоглолтод анхаарлаа хандуулахаар болжээ. Эх сурвалж: BBC

Read full article →