Д.Мөнххуяг: 2023 оноос хойш нийтийн албан тушаалтныг заналхийлсэн талаар 21 гомдол цагдаагийн байгууллагад ирсэн
Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ) -аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, энэ оны арваннэгдүгээр сарын байдлаарх гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгсний зэрэгцээ сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэр сэтгүүлч "Улс төрд нөлөө бүхий, хүмүүсийн талаар мэдээлэл гарахад сэтгүүлчдийг дуудаж шалгадаг боллоо. Энэ талаар тайлбар өгнө үү? Бусдын нэр төрд халдах, гүтгэх, заналхийлэх нь ил тод боллоо. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?" гэж тодруулав. Үүнд ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг "Төрийн албан тушаалтнууд нь Авлигын тухай хуулиар нийтийн албан тушаалтан гэж явдаг. Нийтийн албан тушаалтанд улс төрийн болон захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах ажилтнуудыг хамааруулдаг. Нийтийн албан тушаалтнуудад санал шүүмжлэл хэлэх нь нээлттэй, тэгэх ч ёстой. Гэвч энэ нь хэтрээд хүнийг худал мэдээллээр гүтгэдэг, доромжилдог, бүр заналхийлдэг үйлдэл бас бий. Мөн нийтийн албан тушаалтанд бусдаас заналхийлэл ирлээ гэж үзвэл цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй. Ингэснээр цагдаагийн байгууллага гомдлыг хуулийн хүрээнд хүлээн авч бүртгээд шалгах ажиллагаа явуулдаг. Прокурорын хяналтад шалгана. Шалгагдсан гомдол мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл шүүх эцэслэн шийдвэрлэдэг. Надад байгаа мэдээллээр 2023 оноос хойш ийм төрлийн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад 21 удаа шалгагдсан. Өнөөдрийн байдлаар 12 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд 10-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг, хоёр нь мөрдөн байцаалтын хэрэг байна" гэв. Мөн ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимтай. Сэтгүүлчтэй холбоотой хэрэг шалгаад байна, яагаад цагдан хорив, ямар шалтгаанаар баривчилсан бэ гэхчлэн зөндөө асуудал яригдаж байгаа. Сэтгүүлчдийг шалгаж байгаа нь хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөнд нь хууль бусаар халдаж байгаа юм биш. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээд, хууль журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа л явуулж байна. Нийтийн албан тушаалтныг заналхийлэх буюу 23.7-д заасан гэмт хэрэг 21 бүртгэгдсэн гэж түрүүн хэллээ. Энэ дунд сэтгүүлч биш хүн байж л байгаа" гэж нэмж хэллээ.
