Depository of News

Т.Жамбаажамц: Санхүүгийн зах зээлийн хөгжлийг иргэдийн амьдралд үзүүлэх бодит үр өгөөжөөр нь үнэлэх ёстой

newsdepo.com · world

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцтай ярилцлаа. -Ярилцлагаа сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын санхүүгийн зах зээлд гарсан гол өөрчлөлт, өсөлт хөгжлийн талаар эхэлье. Энэ хугацаанд ямар онцлох үр дүнд хүрсэн бэ? -Монгол Улсын санхүүгийн салбарын өсөлт эрчимжиж, шинэ бүтээгдэхүүн, санхүүжилтийн хэрэгслүүд нэвтэрч, зах зээлийн цар хүрээ мэдэгдэхүйц тэллээ. Тухайлбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар санхүүгийн салбарын нийт хөрөнгө буюу зах зээлийн хэмжээ 28.7 их наяд төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 31.9 хувьтай тэнцсэн нь өмнөх оноос 35 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2025 оны эхэн үетэй харьцуулахад 28.5 хувиар өсөж, 16.7 их наяд төгрөгт хүрсэн. Үүнийг Bloomberg агентлагаас 2026 оны гуравдугаар улиралд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй хөрөнгийн зах зээлээр онцолсон нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулалтын идэвх олон улсын анхаарлыг татах хэмжээнд хүрснийг харуулж буй хэрэг юм. Зах зээлийн өсөлтөөс гадна хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, санхүүжилтийн хэрэгслүүдийн төрөлжилт нэмэгдлээ. Тухайлбал, 2025–2026 онд алт болон олон улсын индекс дагасан биржээр арилжаалагддаг сан (ETF), орон нутгийн бонд, ногоон, нийгмийн болон жендер бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг 1,000 гаруй шинэ бүтээгдэхүүн, санхүүгийн хэрэгсэл зах зээлд гарч, нийт 5.5 их наяд төгрөгийн санхүүжилт татах боломж бүрдсэн. Энэ нь хөрөнгийн зах зээл зөвхөн хувьцаа, бондын арилжаагаар хязгаарлагдахгүй, аж ахуйн нэгжүүд, орон нутгийн хөгжлийн төслүүдийн санхүүжилтийн чухал эх үүсвэр болж, иргэд, хөрөнгө оруулагчдад хөрөнгөө төрөлжүүлэн байршуулах илүү олон боломж бүрдэж байгааг харуулж байна. - Хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжих, цаашдын тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэхэд зохицуулалтын орчны шинэчлэл чухал үүрэгтэй. Энэ чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос ямар гол ажлуудыг хэрэгжүүлсэн бэ? Энэ өсөлтийг тогтвортой үргэлжлүүлэх, зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд бид бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, үнэт цаас гаргах үйл явцыг хялбаршуулах, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын томоохон шинэчлэлүүдийг хэрэгжүүллээ. Тухайлбал, ТОП-100 аж ахуйн нэгж хувьцаагаа олон нийтэд санал болгох, компаниуд нэг жил хүртэлх хугацаатай, 5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй бонд гаргахад тавигдах зарим шаардлагыг хөнгөвчилж, үнэт цаас гаргахтай холбоотой зардал, шат дамжлагыг бууруулсан . Мөн үнэт цаасны зах зээлийн зарим шимтгэл, хураамжийг 50–100 хувь хүртэл бууруулснаар аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө босгох, хөрөнгө оруулагчдын зах зээлд оролцох зардлыг багасгах нөхцөлийг бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ ногоон болон тогтвортой байдлын бондын зохицуулалтыг олон улсын зарчим, стандартад нийцүүлэн сайжруулж, банкнаас хадгаламжийн сертификат гаргах, гэрээний үндсэн дээр хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах эрх зүйн орчныг бүрдүүллээ. Технологийн шинэчлэлийн хүрээнд биржийн бус зах зээлд блокчэйн технологид суурилсан токенжуулсан үнэт цаасны арилжааны системийг зохицуулалтын сэндбоксын хүрээнд амжилттай туршин нэвтрүүлж, арилжааг ажлын таван өдөр, 24 цагийн горимд шилжүүлсэн. Ингэснээр арилжааны цагийн хязгаарлалтыг багасгаж, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ санхүүгийн зах зээлд шинэ технологид суурилсан арилжааны тогтолцоог нэвтрүүлсэн чухал алхам болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсад таниулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүллээ. Сингапур, Нью-Йорк, Токио, Бээжин, Шанхай хотод Монголын хөрөнгийн зах зээлийг танилцуулж, Азийн үнэт цаасны форумын 30 дахь ерөнхий чуулганыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан. Мөн Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийн Хөрөнгийн зах зээлийн форумыг зохион байгуулж, Зүүн Өмнөд Азийн орнуудын хөрөнгийн зах зээлийн форум (ASEAN Capital Markets Forum)-тай хамтын ажиллагааны суурийг тавьсан. Эдгээр ажлын ач холбогдол нь зах зээлийн өнөөгийн өсөлтийг дэмжихээс гадна санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, технологийг нэвтрүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдын оролцоог өргөжүүлэх урт хугацааны хөгжлийн суурийг бүрдүүлж байгаад оршино. -Сүүлийн үед зарим хувьцаат компани хязгаарлагдмал хариуцлагатай компани болох асуудал яригдах болсон. Тухайлбал, “Говь” ХК-ийн компанийн хэлбэрээ өөрчлөх асуудал олон нийтийн анхаарлыг татсан. Энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн бэ? Санхүүгийн зах зээл итгэлцэл дээр тогтдог. Хөрөнгө оруулагчид өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдана гэдэгт итгэлтэй байх нь зах зээлийн тогтвортой хөгжлийн үндэс юм. Санхүүгийн зохицуулах хорооны үндсэн чиг үүргийн нэг нь энэхүү итгэлийг хамгаалах, том, жижиг гэлтгүй нийт хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах явдал. “Говь” ХК 2025 оны есдүгээр сард ХХК болж хэлбэрээ өөрчлөх шийдвэр гаргасан нь тус компанийн 25 мянга орчим жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашигт нөлөөлөх асуудал байсан. Иймд СЗХ газар дээрх хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг бүрэн хамгаалагдах хүртэл компанийн хэлбэрээ өөрчлөх үйл ажиллагааг зогсоосон. Улмаар тус компани 2026 оны есдүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа өмнөх шийдвэрээ цуцалж, нээлттэй хувьцаат компани хэвээр үлдэхээр шийдвэрлэсэн. Энд нэг зүйлийг онцлох нь зүйтэй. Нээлттэй хувьцаат компани хэлбэрээ өөрчлөх нь зөвхөн тухайн компанийн дотоод шийдвэрээр хязгаарлагдахгүй, олон нийтээс хөрөнгө татсан компанийн хувьд нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, зах зээлд итгэх итгэлтэй шууд холбоотой асуудал юм. Тиймээс бид компаниудын бизнесийн шийдвэр гаргах эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ тухайн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироохгүй байх шаардлагыг хангуулж ажилладаг. Энэ нь хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг хадгалж, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чухал ач холбогдолтой. -Сүүлийн жилүүдэд банк бус санхүүгийн салбарт зээлийн хүү өндөр, хэрэглээний зээл хурдацтай өсөж, иргэдийн өрийн дарамт нэмэгдэж байгаа асуудал анхаарал татаж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ? -Банк бус санхүүгийн салбар сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж, санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байгаа ч түүнийг дагаад хариуцлагагүй зээл олголт, хэрэглээний зээлийн хэт өсөлт, өндөр хүү, шимтгэл, хураамж нь иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлж, өрхийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлөх болсон. Иймээс салбарын өсөлтийг зөвхөн тоон үзүүлэлтээр хэмжих бус, зээлийн чанар, тогтвортой байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зарчимд нийцүүлэх шаардлагатай юм. Энэ хүрээнд бид зээлийн зах зээлийн өсөлтийг зохистой түвшинд байлгах, иргэдийг өрийн дарамтад орохоос сэргийлэх бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, хэрэглээний зээлд өрийн дээд хязгаарыг 55 хувь буюу зээлдэгчийн орлогоос 45 хувь нь өөрт нь үлддэг байх, автомашины зээлд зээл, үнэлгээний харьцааны дээд хязгаарыг 60 хувь болгосон буюу урьдчилгаа 40 хувь зээлдэгч нь гаргахаар тогтоосон. Мөн зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор шинэчлэх шаардлагыг нэвтрүүлж, иргэд богино хугацаанд олон байгууллагаас давхар зээл авч, өрийн дарамтаа нэмэгдүүлэх эрсдэлийг хязгаарласан. Эдгээр зохицуулалт хэрэгжиж буй хугацаанд өмнө нь 50.8 хувьд хүрч байсан хэрэглээний зээлийн өсөлт энэ оны гуравдугаар улирлын байдлаар 10.5 хувь болж саарсан. Харин бизнесийн зээлийн жилийн өсөлт 56 хувьд хүрч өссөн нь банк бус санхүүгийн салбарын зээлийн өсөлт хэрэглээнээс бизнесийн санхүүжилт рүү чиглэх эерэг өөрчлөлт гарч байгааг харуулж байгаа юм. Үүний зэрэгцээ иргэдийн зээлийн өртгийг бууруулах, үндэслэлгүй өндөр хүү, давхар шимтгэл, хураамжийн асуудлыг цэгцлэх чиглэлээр бодлогын шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж эхэлсэн. -Та зээлийн өндөр хүү, шимтгэл, хураамжийг хязгаарлах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч эхэлсэн талаар дурдлаа. Эдгээр зохицуулалтын шаардлага юунаас үүдэлтэй вэ, иргэдэд ямар үр нөлөө үзүүлэх вэ? Зээлийн хүү бол зах зээлийн үнэ бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийн өртөг, зээлийн эрсдэл, санхүүгийн байгууллагуудын өрсөлдөөний нөхцөлөөс хамааран тогтох ёстой. Зээлийн хүүг захиргааны аргаар зохиомлоор тогтоож, зах зээлийн үнэд шууд нөлөөлж хэрхэвч болохгүй. Харин зах зээлийн зарчмыг хангахын зэрэгцээ үндэслэлгүй өндөр хүү, мөлжлөгийн шинжтэй зээл олголтоос иргэдийг хамгаалах нь зохицуулагч байгууллагын зайлшгүй хэрэгжүүлэх үүрэг юм. Энэ бол олон улсад ч баримталдаг зарчим. Тухайлбал, Япон Улсад зээлийн хэмжээнээс хамааран жилийн хүүгийн дээд хязгаарыг 15–20 хувиар тогтоосон байдаг. Их Британид өндөр өртөгтэй, богино хугацааны зээлд хүү болон бусад төлбөрийг хамруулсан өртгийн дээд хязгаар үйлчилдэг. Европын Холбооны хэрэглээний зээлийн зохицуулалтад ч үндэслэлгүй өндөр хүү, зээлийн нийт өртгөөс хэрэглэгчийг хамгаалах, шаардлагатай тохиолдолд хязгаарлалт тогтоох зарчмыг тусгасан. Өөрөөр хэлбэл, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжихийн зэрэгцээ зээлдэгчийг хэт өндөр өртөгтэй санхүүжилтээс хамгаалах нь олон улсын зохицуулалтын нийтлэг чиг хандлага юм. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хүрээнд зээлийн сарын хүүгийн дээд хязгаарыг 4.5 хувиар тогтоосон нь иргэдийг үндэслэлгүй өндөр хүү, санхүүгийн дарамтаас хамгаалахад чиглэсэн зохицуулалт болж байсан. Энэ хязгаар эрсдэл өндөртэй зээлд буюу иргэд хооронд болон барьцаалан зээлдүүлэх газрын буюу ломбардаас олгох зээлд зөвхөн үйлчилж байгаа ба уг хүүг зах зээлийн боломжит хамгийн өндөр хүү гэж жишиж харах боломжтой юм. Гэтэл зарим финтек зээл олгодог ББСБ уг хэмжээнээс өндөр хүүтэй зээл олгож, нэмэлт шимтгэл, хураамж авах замаар зээлийн бодит өртгийг нэмэгдүүлсэн зөрчил манай хяналт шалгалтаар илэрсэн. Ийм учраас бид зээлдэгчийн эрхийг хамгаалах, өрийн дарамтыг бууруулах зорилгоор банк бус санхүүгийн үйлчилгээнд цахим зээлийн сарын хүүг мөн 4.5 хувиас хэтрүүлэхгүй байх үүрэг даалгаврыг ББСБ-уудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна . Түүнчлэн зээлийн бодит өртөг зөвхөн хүүгээр хязгаарлагдахгүй. Хүү харьцангуй бага мэт харагдавч нэмэлт шимтгэл, хураамжаас шалтгаалан иргэдийн төлөх нийт төлбөр өндөр байх тохиолдол бий. Зээлийн хүү нь санхүүжилтийн өртөг, эрсдэл болон зээл олгох үйл ажиллагааны зардлыг нөхөх үндсэн төлбөр учраас уг зардлыг өөр нэрээр давхардуулан зээлдэгчээс авах нь зохисгүй. Иймээс зээлийн хүүтэй давхардуулан шимтгэл, хураамж авахыг хориглох, зээлийн нийт өртгийг иргэдэд ил тод, ойлгомжтой, харьцуулж болохуйц байдлаар мэдээлэх эрх зүйн зохицуулалтын саналыг боловсруулж, холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлээд байна. -Даатгалын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, сүүлийн жилүүдийн өсөлт, хөгжлийг хэрхэн дүгнэх вэ. Энэ салбарын цаашдын хөгжлийг дэмжих чиглэлээр ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа вэ? -Даатгалын салбарын нийт хөрөнгө 2025 оны эхэн үетэй харьцуулахад 26 хувиар өсөж, энэ оны эхний хагас жилийн байдлаар 834.9 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь салбарын үйл ажиллагаа өргөжиж байгааг харуулж байна. Гэхдээ даатгалын салбарын хөгжлийг зөвхөн хөрөнгийн өсөлтөөр хэмжих боломжгүй. Хамгийн чухал нь иргэд даатгалын хамгаалалтыг бодитоор хүртэж, даатгалын тохиолдол үүссэн үед гэрээнд заасан нөхөн төлбөрөө шуурхай, шударга авах явдал юм. Өнөөдөр даатгалын гэрээний ойлгомжгүй, даатгагчид давуу байдал олгосон нөхцөл, нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүй татгалзах, төлбөрийн хэмжээг бууруулах зэрэг асуудлаар иргэдээс гомдол, маргаан гарсаар байна. Тиймээс бид даатгалын компаниудад гэрээний шударга бус нөхцөлийг арилгах, нөхөн төлбөрийг үндэслэлгүйгээр хязгаарлахгүй байх шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллаж байгаа. Мөн ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтыг шинэчилж, зээлдэгч нас барах, эрүүл мэндээрээ хохирох үед үлдэж байгаа гэр бүлд нь өр үлдэхээс сэргийлэх, өрхийн санхүүг хамгаалах зорилгоор зохицуулалтын өөрчлөлтийн шийдвэрийг гаргаж, зээлдэгч аль шалтгаанаар нас барахад даатгал бүрэн нөхөн төлдөг байхаар шийдвэрлэсэн. Мөн жолоочийн хариуцлагын даатгалын хувьд осол гарахад маргаан үүсээгүй, хүний эрүүл мэндэд хохирол учраагүй бол нөхөн төлбөрийг цахимаар шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн даатгалын нөхөн төлбөр олголттой холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх хүрээнд 2025-2026 оны гуравдугаар улирал хүртэл нөхөн төлбөртэй холбоотой 329 гомдлыг хүлээн авч, нийт 5.38 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчдад олгуулж шийдвэрлээд байна . Үүнээс гадна үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг зөвхөн даатгалын салбараар хязгаарлахгүй, санхүүгийн зах зээлийн хэмжээнд нэгдсэн тогтолцоогоор шийдвэрлэх шаардлагатай. Энэ хүрээнд УИХ-ын 19 гишүүний санаачлан өргөн мэдүүлсэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэхийг дэмжиж, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулаад байна. Уг хуулиар санхүүгийн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийн ил тод байдал, гэрээний шударга нөхцөл, хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийтлэг шаардлагыг тогтоохоос гадна гомдол, маргааныг шүүхээс гадуур хараат бусаар, шуурхай, зардал багатай шийдвэрлэх санхүүгийн омбудсманы тогтолцоог бий болгохоор тусгасан. Ингэснээр иргэд санхүүгийн байгууллагатай үүссэн маргаанаа заавал шүүхэд хандахгүйгээр түргэн шийдвэрлүүлэх боломжтой болох юм. -Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа орон нутагт иргэд, жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ? -Санхүүгийн хүртээмж гэдэг нь иргэд зөвхөн зээл авах боломжтой байхыг хэлэхгүй. Харин өөрийн хэрэгцээнд нийцсэн хадгаламж, санхүүжилт болон бусад санхүүгийн үйлчилгээг боломжийн өртгөөр, найдвартай нөхцөлөөр авах боломжийг хэлнэ. Энэ хүрээнд бид орон нутгийн иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээ хүргэхэд чухал үүрэгтэй хадгаламж, зээлийн хоршоодын үйл ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч байна. 2026 оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 174 хадгаламж, зээлийн хоршоо 81.6 мянган гишүүнтэй үйл ажиллагаа явуулж, салбарын нийт хөрөнгө 412.2 тэрбум төгрөгт хүрсэн нь 2025 оны эхнээс 15.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн хоршоодын зээлийн хэмжээ 27.6 хувиар нэмэгдсэн байна. Бид хадгаламж, зээлийн хоршоогоор дамжуулан орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн боломжийг өргөжүүлэх, ногоон санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, олон улсын байгууллагаас орон нутгийн хоршоодод ногоон санхүүжилтийг дэмжих 200 мянган ам.долларын санхүүжилт олгож, санхүүгийн хүртээмж, ногоон санхүүжилтийн чиглэлээр хоршоод болон хоршооны гишүүн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлж байна. Энэ салбарын цаашдын хөгжилд эрх зүйн шинэчлэл онцгой ач холбогдолтой. Санхүүгийн зохицуулах хорооноос боловсруулсан Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа бөгөөд уг хуулийн төслөөр санхүүгийн хоршоодын үйл ажиллагааг илүү тогтвортой, найдвартай болгох, гишүүдийн хадгаламжийг хамгаалах зорилгоор тогтворжуулалтын сан, хадгаламжийн даатгал зэрэг олон давхаргат хамгаалалтын тогтолцоог үе шаттайгаар бүрдүүлэхээр тусгасан. Энэ нь гишүүдийн хөрөнгийг хамгаалах, санхүүгийн хоршоодод итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ санхүүгийн үйлчилгээний хүртээмж багатай орон нутагт санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх чухал шинэчлэл болох юм. -Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд санхүүжилтийн эх үүсвэрийн хүрэлцээ, барьцаа хөрөнгийн шаардлага томоохон хүндрэл хэвээр байна. Банкны зээлээс гадна санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар шинэчлэл хийж байна вэ? Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн банкны зээлээс хэт хамааралтай санхүүжилтийн бүтцийг өөрчлөх зорилгоор Факторингийн тухай болон Хамтын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төслүүдийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлээд байна. Эдгээр хуулийн төслүүд нь бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгө, уламжлалт зээлийн шаардлагаас хамаарал багатай, санхүүжилтийн шинэ боломжуудыг бий болгоход чиглэж байгаа юм. Тухайлбал, факторингийн үйлчилгээ нь аж ахуйн нэгжүүд бараа, үйлчилгээ нийлүүлснийхээ төлбөрийг хүлээх хугацаанд авлагадаа тулгуурлан эргэлтийн хөрөнгө бүрдүүлэх боломж олгоно. Ингэснээр жижиг, дунд бизнес эрхлэгчид заавал нэмэлт зээл авахгүйгээр цалин, түүхий эд, өдөр тутмын үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэх нөхцөл бүрдэнэ. Харин хамтын санхүүжилтээр гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчид цахим платформоор дамжуулан олон нийтээс хөрөнгө татах, тухайлбал компанийнхаа хувьцааг санал болгох эсвэл үйлдвэрлэх бүтээгдэхүүнээ урьдчилан санал болгож санхүүжилт босгох боломжтой болно. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, мэдээллийн ил тод байдлыг хангах, санхүүжилттэй холбоотой эрсдэлийг бууруулах эрх зүйн шаардлагыг тодорхой болгоно. -Санхүүгийн зах зээлийн хөгжлийг дараагийн шатанд гаргахын тулд цаашид ямар бодлого, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ? -Цаашид бид санхүүгийн зах зээлийг олон тулгуурт, өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэхэд бодлого, шинэчлэлээ чиглүүлнэ. Энэ хүрээнд баримталж буй гол зорилтуудын нэг нь эдийн засгийн санхүүжилтийн банкны зээлээс хэт хамааралтай бүтцийг өөрчилж, бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн олон эх үүсвэрийг бий болгох явдал юм. Үүний тулд хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын сан болон санхүүжилтийн шинэ хэрэгслүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлнэ. Ялангуяа хөрөнгө оруулалтын сан, хувийн тэтгэврийн сан, даатгалын байгууллагуудыг урт хугацааны хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр болгон хөгжүүлэхэд анхаарна. Мөн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан буюу REIT-ийн эрх зүйн орчныг бүрдүүлснээр иргэд бүхэл бүтэн үл хөдлөх хөрөнгө худалдан авахгүйгээр сангийн нэгж эрхээр дамжуулан хөрөнгө оруулах боломжтой болно. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дараагийн шатанд гаргахад дэд бүтцийн шинэчлэл чухал үүрэгтэй. Бид үнэт цаасны арилжаа, бүртгэл, хадгалалт, клиринг, төлбөр тооцооны тогтолцоог олон улсын технологийн хөгжилтэй уялдуулан шинэчилж, автоматжуулах ажлыг үргэлжлүүлнэ. Мөн блокчэйн технологид суурилсан үнэт цаасны бүртгэл, токенжуулсан үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны шийдлүүдийг өргөжүүлж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах шаардлагыг хангана. Үүний зэрэгцээ олон улсын зах зээлтэй дэд бүтцийн холболтыг сайжруулж, хил дамнасан үнэт цаасны арилжаа, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. -Санхүүгийн зах зээлийн өсөлтийн зэрэгцээ иргэдийн санхүүгийн байдлыг сайжруулах, хяналт зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр ямар өөрчлөлт хийх вэ? Санхүүгийн зах зээлийн хөгжил, хүртээмжийг зөвхөн зах зээлийн хэмжээ, үйлчилгээ авч буй иргэдийн тоогоор хэмжих нь хангалтгүй. Хамгийн гол нь санхүүгийн үйлчилгээ иргэдийн амьдралд бодитой үр өгөөж өгч, өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулж байгаа эсэхийг үнэлэх шаардлагатай. Тиймээс бид өрхийн өрийн дарамт, хуримтлал, гэнэтийн санхүүгийн хүндрэл даван туулах чадвар зэрэг үзүүлэлтэд тулгуурласан санхүүгийн эрүүл мэндийн үндэсний хэмжилтийн тогтолцоог хөгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэдийн санхүүгийн нөхцөл байдлыг илүү бодитой үнэлж, судалгааны үр дүнг санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зээлийн зохицуулалтын бодлого боловсруулахад ашиглах боломж бүрдэнэ. Үүнтэй уялдуулан санхүүгийн зах зээлийн хяналт, зохицуулалтыг эрсдэл, өгөгдөлд суурилсан тогтолцоонд шилжүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд хяналтын технологи (SupTech), цахим тайлагнал, өгөгдлийн шинжилгээний системийг хөгжүүлж, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэл, хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагааг эрт илрүүлэх, хяналт шалгалтыг илүү шуурхай, оновчтой хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Ярилцсанд баярлалаа.

Read full article →