Энэ оны эхний 10 сарын байдлаар залилах гэмт хэргийн улмаас иргэдэд ₮531.9 тэрбумын хохирол учирчээ
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарласан юм. Энэ үеэр залилах гэмт хэргийн талаар Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 54,944 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 15,628 залилах гэмт хэрэг байна. Өөрөөр хэлбэл гурван гэмт хэрэг тутмын нэг нь залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна гэсэн үг. Бүртгэгдсэн хэргүүдээс 8,165 буюу 53.7 хувийг нь илрүүлсэн. Мөн 12,851 гэмт хэрэг буюу 82.2 хувийг шийдвэрлэгдсэн. Энэ гэмт хэргийн улмаас ₮531.9 тэрбумын хохирол учирснаас ₮218.7 тэрбумыг нь нөхөн төлүүлж, ₮10.5 тэрбумын нуугдмал хөрөнгийг илрүүлсэн байна. Нийт залилах гэмт хэргийн 11,939 буюу 76.4 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн. Үүнээс: Бараа үйлчилгээ захиалж 3,798, Бусдын цахим ашиглан 2,060, Тээврийн хэрэгсэл,сэлбэг захиалга 1,447, Телеграмм 1,367, Лайв, сугалаа, мөрийтэй тоглоом 1,289, Валют арилжаа 310, Хандив тусламж 112, Зээлтэй холбоотой 371, Ажил, сургууль 59, Бусад 1,126 байна. Богино хугацаанд мөнгөө өсгөх гэсэн сэтгэхүйг залилагч нар чадамгай ашиглаж иргэдийг хохироож байна. Хүмүүст итгэл төрүүлэх зорилгоор эхний бараануудыг өгөөд дараагийнхаас нь иргэдийг залилж эхэлдэг. Эхлээд бараагаа авсан улсууд дараа нь өөрийнхөө танил тал, найз нөхдийгөө уриалснаар залилах иргэдийн тоо өсдөг. Тиймээс энэ тал дээр иргэдийг илүү сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэв.
