Depository of News

Т.Мөнхсайхан: Эмчлэх эрхийн лиценз, тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн ажилтны нэгдсэн холбоо өгдөг болно

newsdepo.com · economy

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хууль батлагдсанаар эмчлэх эрхийн лиценз, тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн ажилтны нэгдсэн холбоо өгдөг болох аж. Уг асуудлаар хуулийн төсөл санаачлагчаас гишүүд асуулт асууж, тодруулга авав. УИХ-ын гишүүн Б.Бейсен: Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны тухай асуудлыг энэ хуульд тодорхой тусгаагүй байна. 2024 оноос хойш гурав дахь сайд солигдсон. Үүнийг дагаад Эрүүл мэндийн яамны газар хэлтсийн дарга, эмнэлгийн дарга нар солигддог, хэлмэгддэг асуудал байдаг. Эмнэлгүүдийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн асуудал байна. Яамдаа захирагддаггүй ТУЗ-ийн асуудлыг хуульд яаж тусгасан бэ. Нэгдүгээр эмнэлэгт нэг сарын дотор гурван дарга солигдлоо. Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл олгох сунгах эрхийг төрийн байгууллагаас мэргэжлийн холбоод шилжүүлбэл хяналт хэрхэн хэрэгжих вэ. Мэргэжлийн холбоод шийдвэр гаргах хүний нөөцийн бололцоотой юу. Төрийн байгууллага, мэргэжлийн холбоонд эрүүл мэндийн байгууллагын чиг үүргийн давхцал үүсэх үү. Эмнэлгийн ажилтны цалин урамшууллын асуудал яригдаж байна. Орон нутагт ажиллаж байгаа хэдий ч эмнэлгийнхэн урамшуулал авч чадахгүй байгаа. Энэ бол илүү орон тоотой холбоотой асуудал. Орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулахад шаардлагатай хөрөнгийг яаж баталгаажуулах вэ. Жишээлбэл 65 тэрбум төгрөгийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ. Төр болон хувийн хэвшлийн ажилтны нийгмийн баталгааг яаж хангах вэ. Хувийн эмнэлгүүд салбарын буруу бодлогоос болж бүгд хаалгаа барьж, дампуурч байгааг яаж шийдэх үү. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн ажилтнуудын эмчлэх, сувилах эрхийн лицензийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хариуцдаг. Төр бүх зүйлийг хариуцахаа болъё. Эмчлэх эрхийн лиценз, тусгай зөвшөөрлийг олон улсын жишгийн дагуу эрүүл мэндийн ажилтны нэгдсэн холбоо өгдөг болно. Ямар нэгэн давхардал үүсэхгүй. Эрүүл мэндийн яам, Хөгжлийн төв дээр явж байгаа тусгай зөвшөөрөл, лицензийг төрийн бус байгууллага өгдөг болно. 65 тэрбум төгрөгийн тооцоолол өрөөсгөл. Ийм мөнгөн дүнгээр төсөв дээр ачаалал очиж нэмэгдэхгүй. Эмч нар тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийг өрх, сумын эмнэлэгт очиж ажилласан тохиолдолд 40 хувиар нэмнэ. Жилд 1,000 орчим эрүүл мэндийн ажилтан тэтгэвэрт гарах тэтгэмж авдаг. Үүнээс эмч нар сум, өрхийн эмнэлэгт очиж ажиллавал жилд 1.8-2 тэрбум төгрөгийн зардал гарна. Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн холбоо байгуулах зардал төсвөөс гарахгүй. Өөрсдийн үйл ажиллагааг өөрөө санхүүжүүлж авч явна. УИХ-ын гишүүн Б.Бейсен: Төр хариуцахгүй байя гээд яамнаас холдуулж болохгүй. Салбарын хууль хэлэлцэж байхад Эрүүл мэндийн сайд байхгүй байна. Мэргэжлийн бус сайдтай. Салбартаа анхаарахгүй доод талын ажилтан хэлмэгддэг. Эрүүл мэндийн яамыг аль нэг нам эвслийн тоглоом болгохоо болих хэрэгтэй. 2022 оноос хойш долоон сайд солигдлоо. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: Төр хэт их зүйлийг төвлөрүүлээд байгаагаас салах бодлого. Төр болон Эрүүл мэндийн яам ямар нэгэн оролцоогүй болно гэсэн үг биш. Эрүүл мэндийн яам хяналт тавих эрх нь байгаа. УИХ-ын гишүүн Б.Бейсен: Эрүүл мэндийн хөгжлийн төвөө дахиад самарна гэсэн үг үү. Нэгдсэн удирдлагатай байх нь зөв. Дараа нь хэн хариуцах юм, хуулийн зөрчил давхцал хэр байх вэ. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: Манай улсад нийгмийн эрүүл мэндийн асуудлыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, эмийн асуудлыг Эмийн агентлаг, санхүүгийн асуудлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хариуцдаг. Хамгийн гол эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулдаг байгууллага алга. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хүний нөөцийн бодлого тусгай зөвшөөрлийн асуудлыг Эрүүл мэндийн нэгдсэн холбоонд өгнө. ВИДЕО:

Read full article →