АН: Засгийн газрыг Рио Тинтотой байгуулсан гэрээгээ ил болгож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хөрөнгө орлогын тайлангаа тавих ёстой
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Пүрэв гараг бүр зохион байгуулдаг мэдээллээ хийлээ. Энэ удаагийн мэдээлэлд тус намын дарга, бүлгийн дарга нар оролцов. АН-ын дарга О.Цогтгэрэл “Сүүлийн үед үүсээд байгаа олон асуудал дундаас Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлын талаар тодорхой байр суурийг хүргэх шаардлагатай байна гэж үзлээ. Оюутолгойн ногдол ашиг гэх асуудлыг бид улсаараа тойрч хэрэлдэж байна. Гэтэл хөшигний цаана үүнтэй холбоотой нэлээн хэдэн асуултын тэмдэг байна. Нэгдүгээрт, Оюутолгойн 3 их наяд төгрөг гэдэг нь ногдол ашиг мөн үү гэдэг дээр Засгийн газар тодорхой хариулт өгөх шаардлагатай байна. Хоёрдугаарт, энэ мөнгийг дараа жил өгнө гэдэг байр суурийг хөрөнгө оруулагч тал илэрхийлсэн үү гэдгийг тодотгох ёстой. Одоо явж байгаа мэдээллүүдийг нэгтгээд дүгнээд үзвэл Рио Тинто талаас албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. Тэгэхээр хөрөнгө оруулагч талаас нэг удаагийн төлбөрийг Монголын Засгийн газарт санал болгосон байх талтай. Хэрэв нэг удаагийн төлбөр юм бол нөгөө талд нь нэг зүйлийг авахаар тохиролцсон байж таарна. Энэ нь юу вэ? Магадгүй "Онтрэ" буюу Оюутолгойн 30 хувьтай тэнцэх нөөц бүхий ордын наймаалцах асуудал явж байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл Рио Тинто одоо хүртэл албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна. Зөвхөн "Онтрэ"-тэй холбоотой гэрээ хэлэлцээрийн ажил ахицтай байгаа гэдэг л байр суурь илэрхийлсэн. Энэ асуудал дээр АН-ын бүлэг байр сууриа хэрхэн нэгтгэхээ хэлэлцээгүй байгаа. Дэлхий нийтэд байгалийн баялгийн өгөөжөө баялгийн сангаар дамжуулж хувьцаа болгон, хуримтлуулдаг тогтолцоо руу шилжсэн. АН-ын бүлгийн хувьд Баялгийн сангийн тухай хуулийн төсөл бэлэн байгаа. Засгийн газар Рио Тинто компанитай байгуулсан гэрээгээ ил болгох ёстой. Түүнчлэн Монгол Улсын төрийн тэргүүний хөрөнгө орлоготой холбоотой мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Монгол хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байх юм бол Ерөнхийлөгч энэ асуудалд хариулт өгөх ёстой. Хуулийн байгууллагууд ч үүнд хариулт өгөх ёстой. Хуульд заасанчлан Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д тайлангаа тавих ёстой. Хуулийн өмнө бид ижил тэгш эрхтэй байх ёстой" гэв.
