Ардчилсан Нам сонгуульд ялсны дараа Бүгд Найрамдахчуудад саналаа өгөхийг уриалсан мэдэгдлээ Илон Маск устгажээ
Мягмар гарагт буюу сонгуулийн өдөр тэрбумтан Илон Маск "Өнөөдөр улаануудад (Бүгд Найрамдахчуудад) саналаа өгөөрэй!" гэсэн товч мэдэгдлийг сошиал хуудсандаа нийтэлж байв. Гэвч америкчуудын дийлэнх нь түүний зөвлөгөөг дагаагүй бөгөөд удалгүй тэр энэхүү нийтлэлээ устгасан байна. Ардчилсан Намынхан завсрын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараахан буюу Лхагва гарагт Бүгд Найрамдахчуудыг дэмжихийг уриалсан Маскийн мэдэгдэл түүний X (хуучнаар Twitter) хуудаснаас алга болсон байв. Уг мэдэгдлээ яагаад устгасан талаар хэвлэлүүд тодруулахад Маск хариу өгөөгүй байна. Лхагва гарагийн өглөө сонгуулийн дүн тодорхой болох үед тэрбээр тактикаа өөрчилж, сонгуульд нөлөөлөх гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэнийг хошигнон бичжээ. "Сонгуульд хөндлөнгөөс оролцох зориулалттай миний сансрын лазерууд энэ удаад ажилласангүй бололтой" хэмээн тэр бичсэн байна. Мөн өөр нэг нийтлэлдээ "Сансарт байрлах дата төвүүд одоо нэлээд сонирхолтой санагдаж байна" гэж бичжээ. SpaceX компанийн гүйцэтгэх захирал Маск энэ удаагийн завсрын сонгуулийн үеэр Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийг дэмжихэд $440 сая гаруйг зарцуулж, хамгийн их хандив өргөсөн хувь хүн болсон юм. Тэрбээр мөн X платформыг ашиглан Ардчилсан Намын өрсөлдөгчдийг шоолж, доромжилж байв. SpaceX болон Tesla компаниудынхаа бүртгэлийг шилжүүлэн байршуулсан Техас мужийн сонгуулийн өрсөлдөөн Маскийн анхаарлын төвд байлаа. Нью Йорк Таймс сонины мэдээлснээр тэр Техас мужид Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийг дэмжихэд хамгийн ихийг буюу $224 саяыг зарцуулсан байна. Түүнчлэн Маск сошиал хуудсандаа Ардчилсан Намаас нэр дэвшиж, Сенатын гишүүнээр сонгогдоод буй Жэймс Талариког "хэт зүүний үзэлтэн", "жигшүүртэй хүн", "жинхэнэ бузар муухай этгээд" гэх зэргээр доромжилж байжээ. Конгрессын завсрын сонгуулийн үр дүн нь Маскийн хувьд зохицуулалт, гэрээ хэлэлцээр, бодлогын түвшинд томоохон нөлөө үзүүлж болзошгүй юм. Сонгуулийн дүн тодорхой болсны дараа Лхагва гарагт Tesla болон SpaceX компаниудын хувьцааны ханш унасан нь үүнтэй холбоотой. Мөн дата төвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд ч нөхцөл байдал таагүй болж байна. Сансарт байрлах дата төвүүдийн ач холбогдлыг Маск онцолсон нь үүнтэй холбоотой юм. Эх сурвалж: Business Insider
