Depository of News

Замын хөдөлгөөнд ноцтой саатал гарсны дараа эрх баригчид Сөүл хотын төвд марафон гүйлтийг хязгаарлахаар болжээ

newsdepo.com · world

Бүх нийтийг хамарсан марафон гүйлтийн улмаас зам түгжирсэн, дуу чимээ, хог хаягдал нэмэгдсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдсан тухай гомдол өссөнтэй холбогдуулан Сөүл хотын захиргаа тус хотын төвд зохион байгуулагдах марафонуудад тавих хяналтыг чангатгахаар болжээ. Тухайлбал Сөүл хотын захиргаа 2027 онд болох уралдаануудын хуваарь, маршрут, замын хөдөлгөөний өөрчлөлт, аюулгүй байдлын менежментийн төлөвлөгөөг хянан үзэхийн тулд хотын цагдаагийн удирдлагуудтай хамтран ажиллахаар болсноо Лхагва гарагт зарласан байна. Нарийвчилсан зохицуулалтыг арванхоёрдугаар сард зарлах гэнэ. Эрх баригчид ирэх жилийн арга хэмжээнд бэлтгэж буй зохион байгуулагчдаас дээрх зохицуулалтыг боловсруулж дуусах хүртэл оролцогчдыг бүртгэхгүй байхыг хүссэн байна. Хотын аялал жуулчлал, спортын товчооны захирал Чо Сон Хо "Бид олон оршин суугчдын эрүүл мэндэд оруулж буй марафоны хувь нэмрийг хүлээн зөвшөөрч байгаа ч хотын төвийн уралдааны улмаас үүссэн саад бэрхшээл сүүлийн үед бусдын санааг зовоосон асуудал болсон. Бид арга хэмжээг зохион байгуулагчдад санаачилга гаргаж, асуудлыг шийдвэрлэхийн тулд бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна” гэж хэлжээ. Хамгийн сүүлд ийм асуудал Ням гарагт гарсан бөгөөд энэ өдрийн марафон гүйлтийн үеэр Гванхвамунаас Олимпын цэцэрлэгт хүрээлэн, Сангамаас Ёуидо хүртэлх замуудын хөдөлгөөнд саад учирсан байна. Энэ үеэр нийт 190 автобусны чиглэлийг өөрчилсөн бөгөөд өөр чиглэлийн хөдөлгөөнүүдэд мөн саатал үүсжээ. Даваа гарагт Сөүл хотын дарга О Се Хун “Амралтын өдөр оршин суугчдын тав тухыг алдагдуулсан асуудал бүрийг би нухацтай авч үздэг. Зам бол бид бүгдийнх. Би оршин суугчдадаа тулгарсан саад бэрхшээлийг багасгахын төлөө тууштай ажиллах болно” гэж сошиал хуудсаараа мэдэгдсэн юм. Энэ оны эхээр хотын захиргаа марафон гүйлтийн удирдамжийг шинээр танилцуулахдаа эхлэх цагийг өглөөний 7:30 цагаас өмнө байхаар зохицуулж, оролцогчдын дээд хязгаарыг тогтоож байв. Мөн өнгөрсөн онд 15 уралдаан зохион байгуулдаг байсныг энэ жил долоо болгон бууруулжээ. Гэсэн хэдий ч одоогийн хуулийн дагуу марафон гүйлтэд орон нутгийн засаг захиргааны зөвшөөрөл шаардагддаггүй бөгөөд ихэнх нь төв засгийн газрын яамдын ивээн тэтгэлгээр зохион байгуулагддаг тул хотын хүчин чармайлт хязгаарлагдмал байгаа. Хотын даргын мэдээлснээр төв засгийн газраас ивээн тэтгэдэг марафонууд өнгөрсөн онд нэг байсан бол энэ жил 23 болж нэмэгджээ. Саяхан батлагдсан үндэсний спортыг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар орон нутгийн засаг захиргаанд спортын томоохон арга хэмжээг хянах үүрэг нэмэгдэх юм байна. Уг хууль ирэх оны дөрөвдүгээр сарын 21-нээс мөрдөгдөж эхлэх бөгөөд 1,000 ба түүнээс дээш оролцогчтой арга хэмжээг зохион байгуулагчид аюулгүй байдлын менежментийн төлөвлөгөөгөө орон нутгийн засаг захиргаанд урьдчилан танилцуулах шаардлагатай болох гэнэ. Мөн орон нутгийн захиргаа төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналын эрхтэй болох юм байна. Эх сурвалж: Korea Times

Read full article →