Depository of News

Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ

newsdepo.com · world

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Их Эзэн Чингис хаан мэндэлсний 864 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой 2026 онд тохиож байгааг танилцуулгын эхэнд дурдсан юм. Их Эзэн Чингис хаан эдүгээгээс 800 гаруй жилийн өмнө Монголын эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан их хаанаар өргөмжлөгдөж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг дахин нэгтгэн, Их Монгол Улсыг сэргээн мандуулсан байдаг. Их Эзэн Чингис хааны төр улсаа байгуулж, нэгтгэн төвхнүүлсэн түүхэн үйл хэрэг, төрийн байгуулал, хууль цааз, засаглалын уламжлал нь Монголын төдийгүй дэлхийн түүх, соёл иргэншлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг төслийн танилцуулгад онцолжээ. Иймд дээрх түүхэн ойг тохиолдуулан Их Монгол Улсын түүхэн өв, Их Эзэн Чингис хааны суу алдар, төрт ёсны өв уламжлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, олон улсын хэмжээнд сурталчлах, эдийн засаг, нийгэм, соёлын эргэлтэд оруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа хэмээн үзсэн байна. Эдгээр түүхэн ойг тохиолдуулан эх орон, үндэстний түүх, соёл, төрт ёсны өвөө эрхэмлэн дээдлэх, залуу үеийг эх оронч үзлээр үеийн үед хүмүүжүүлэх, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх, түүх, соёл, өв уламжлал, төрт ёсны үнэт зүйлийг дотоод, гадаадад сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний бахархал, ухамсрыг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой хэмээн Б.Баярбаатар гишүүн танилцуулав. Мөн Монголын их хаадын угсаа гарвал болон монгол туургатныг дахин нэгтгэж, Их Монгол Улсаа сэргээн мандуулсан түүхэн үйл явдал, XIII зууны үеийн монголчуудын ахуй амьдралыг тодорхой тусгасан үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, зан заншлын их нэвтэрхий толь, он цагийн дарааллын бичмэл түүхэн сурвалж болох “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан үйл явдал болсон газар нутгийг тогтоож, тэдгээр түүхийг алдаршуулан мөнхжүүлэх, Монгол Улс даяар үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэх нь ард түмний эв эеийг бэхжүүлэх, ирээдүй хойч үедээ эх орноо хайрлах, эх оронч үзлийг бататгах чухал ач холбогдолтой гэв. Эдгээр хэрэгцээ, шаардлагыг харгалзан Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх, суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах зорилгоор тодорхой арга хэмжээ авах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Дээрх тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир, Л.Гантөмөр нар асуулт асууж, УИХ-ын дарга С.Бямбацогт хариулт, мэдээлэл өглөө. Тогтоолын төсөл дэх Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулах асуудлыг тодруулахад УИХ-ын дарга хариулахдаа “Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулж, уг сангийн хөрөнгөөр Их Эзэн Чингис хааны нэр төр, үйл хэрэг, Их Монгол Улсын түүхийг хамгаалах, сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх санал боловсруулж УИХ-д танилцуулах чиглэлийг Засгийн газарт өгөхөөр тогтоолын төсөлд тусгасан” хэмээлээ. Энэ сарын 10-ны өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр тохиож, улс даяараа ойг тэмдэглэн нийтээр амардаг болохыг С.Бямбацогт дарга дурдаад “Мөн өдөр Монгол Улсын Их Хуралд хүндэтгэлийн хуралдаан хийхээр захирамж гарсан байгаа. Энэ оны долоодугаар сарын 9-ний өдөр Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил буюу тэгш ойг тохиолдуулан уламжлал ёсоор УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг хийхээр товлож байсан ч хойшлуулсан. Мөн наймдугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин суманд УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан хийхээр судалсан ч Улсын Их Хурал зөвхөн Төрийн ордонд л хуралдах хуультай учраас, хууль дээдлэх зарчмаа баримталсан. Тэгш ой тохиолдуулан хүндэтгэлийн хуралдаан хийж ирсэн уламжлалын дагуу Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойг тохиолдуулан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг зарлаад байна” гэв. Энэ хүрээнд эх түүх, уламжлалаараа бахархаж, омогшдог ард түмний хувиар Их Эзэн Чингис хааныхаа үйл хэрэг, Монголын төдийгүй дэлхийн түүх, соёл иргэншлийн хөгжилд оруулсан хувь нэмэр, Их Монгол Улсынхаа түүх, соёлыг сурталчлах, үр хойчдоо өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх тогтоол гаргах нь зүйтэй хэмээн үзэж төслийг боловсруулсан болохоо хэлсэн. УИХ-ын дарга хэлэхдээ “Их Монгол Улсын түүх, Монголын их хаад, монгол туургатны соёл, өв, уламжлалтай холбоотой түүхэн баримт сурвалжууд, соёлын дурсгалт олдворууд байдаг. Эдгээрийг боломжоороо Монгол Улсад цуглуулах, эсвэл зохих хугацаагаар авч ирж монголчууддаа үзүүлж, таниулах арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Болохгүй, бүтэхгүй гээд хойш суухгүйгээр санал, санаачилга гаргая. Ташрамд дуулгахад, Тогоонтөмөр хааны үеийн хууль цаазын бичгийн цор ганц хувь БНСУ-д хадгалагдаж байдгийг Монгол Улс энэ сард багтаан авч ирж, “Чингис хааны музей”-д байрлуулна. Түүхэн ховор үзмэрийг эх орондоо дэлгэж иргэддээ үзүүлж, таниулахаар ажиллаж байна. Энэ тэргүүтэй чухал үйл ажиллагааг дэмжих төрийн бодлогын эхлэл болгож, түүхт тэгш ойг тохиолдуулан УИХ тогтоол батлах нь зүйтэй хэмээн үзсэн. Төсөл батлагдсан тохиолдолд УИХ-ын эл шийдвэр цаашид манай түүхчид, судлаачид, эрдэмтэн мэргэдийн мэргэжлийн үйл ажиллагаа, энэ төрлийн ажил, арга хэмжээнд нь чухал дэм болно хэмээн үзэж байгаа” гэлээ. Л.Гантөмөр гишүүн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг зарлаж буйг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Үүний ташрамд, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан нь зүйтэй хэмээгээд “Бид Их Эзэн Чингис хаанаа хүндэтгэх учиртай. Энэ агуулгаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаад монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсан. Иймд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг архи, тамхи зэрэг бараа, бүтээгдэхүүний шошгод хэрэглэхгүй байх нь зүйтэй” хэмээгээд холбогдох зарчмын зөрүүтэй саналыг гаргалаа. УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн гаргасан төслийн 5 дахь дэд заалтын “журамлах” гэсний дараа “… аливаа төрлийн согтууруулах ундаа болон тамхинд ашиглахыг хориглох …” гэж нэмэх саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад 12 гишүүн буюу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6. хувь нь дэмжсэн. Дараа нь “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулж, батлуулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 12 нь дэмжсэнээр энэ талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Read full article →