Depository of News

Азийн пара наадамд түүхэн амжилтаа үзүүлсэн баг тамирчдыг алдаршуулав

newsdepo.com · world

Монголын Үндэсний Паралимпын Хороо (МҮПХ)-ноос "Айчи Нагоя 2026" Азийн пара наадамд амжилттай оролцсон баг тамирчдаа алдаршуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, паралимпын хүрэл медальт Б.Ууганхүү, хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, пара наадмаас алтан медаль хүртсэн жүдоч Л.Туруунаа, ганцаарчилсан төрөлд мөнгө, багийн төрөлд хүрэл медаль зүүсэн байт харваач Д.Сэлэнгээ, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Оюун-Эрдэнэ, хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Ц.Доржзодов, жүдогийн төрөлд мөнгөн медаль авсан Т.Сувд-Эрдэнэ нар оролцсон юм. Монголын баг тамирчид энэ удаагийн пара наадмаас дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, медалийн чансаагаар 14 дүгээрт жагссан. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хурлын эхэнд Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ "Өмнө нь Ханжоугийн Азийн пара наадамд түрүүлсэн амжилтаа бататгаад анхны хошой алтан медальтан болсондоо баяртай байна. Бид бүгдийн ард тусалж дэмждэг олимпын таеквондогийн холбоо, Монголын Үндэсний Паралимпын Хороо, "Алдар" спорт хороо, тамирчдыг цалинжуулж дэмждэг байгууллагадаа талархаж байгаа илэрхийлье. Энэ удаагийн наадамд таеквондогийн төрлөөр дөрвөн тамирчин, хоёр дасгалжуулагчтай оролцлоо. Бид анх хоёр алт, хоёр хүрэл медаль гэсэн зорилготой Японд очсон. Хоёр алт, нэг хүрэл нэг тамирчин маань шагналт байр эзэллээ. Бидний дараагийн зорилго бол 2028 оны паралимпын наадам. Таеквондогийн холбооны зүгээс паралимпт гурваас, дөрвөн эрх авна гэж тооцоолж байгаа. Бүх тамирчид медаль авах хэмжээнд бэлтгэлээ базааж буй. Пара таеквондогийн спортоор гарны бэрхшээлтэй хүмүүс хичээллэдэг. Таеквондогийн төрлөөр яг одоо идэвхтэй хичээллэж байгаа дөрвөн тамирчин бий. Илүү олон хүн энэ спортоор хичээллэвэл олуулаа том наадмуудад оролцох хүсэл бидэнд байдаг. Гарны бэрхшээлтэй иргэдийг аль ч клуб үнэгүй хичээллүүлэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна" гэв. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Мөн пара байт харвааны төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн Д.Сэлэнгээ "Миний хувьд хоёр дахь удаагаа пара наадамд оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд ганцаарчилсан, хос болон багийн төрөлд медаль хүртэх зорилготой байлаа. Ганцаарчилсан төрөлд мөнгө, эмэгтэй багийн төрөлд Б.Оюун-Эрдэнэ эгчийнхээ хамт хүрэл медаль хүртсэн бол холимог хосын төрөлд шагналт V байр эзэллээ. Ганцаарчилсан төрөлд алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинтай өрсөлдсөн. Шигшээ тэмцээний үеэр ширүүн бороотой байсан тул хурууны хамгаалалтаа норгосноос болоод хувийн зүгээс алдаа гаргасан. Цаашид ийм алдаа гаргахгүй оролцохыг хичээнэ" гэлээ.

Read full article →