Хурд хамтлаг, залуу уран бүтээлчидтэй хамтран олон улсын стандартыг хангасан анхны МЮЗИКЛИЙГ тоглоно
“Хурд” хамтлагийнхан “Норсон зүрх” мюзикл тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Төрийн соёрхолт Хурд хамтлаг, залуу уран бүтээлчдийн хамтарсан "Норсон зүрх" бүрэн хэмжээний мюзикл нь 2026.11.11-ээс UG palace event hall-д тоглогдох юм байна. Энэ мюзиклийг Хурд хамтлагийн түүх орших дуунуудаар хөтлөгдөж, хоёр жилийн өмнөөс зохиолыг нь бичиж эхэлсэн гэв. Мөн олон улсын стандартыг хангасан анхны мюзикл гэдгээрээ онцлог юм байна. Монгол Улсад мюзиклийг нутагшуулахын тулд Лондонгоос найруулагч, гэрэл, дууны инженер зэрэг мэргэжлийн хүмүүсийг урьж оролцуулж байгааг онцлов. Мюзиклд Pro театрын жүжигчдээс гадна Хурд хамтлагийн уран бүтээлчид тоглох аж. Мюзиклийн гэрэлтүүлгийн дизайнер Andrea Corso уг төсөлд Италийн техникийн стандартыг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо. Уран ган палас ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Золзаяа "Мюзиклийг театрт биш эвент танхимд хэрхэн тоглож болохыг хүмүүс ирж хараасай гэж хүсэж байна. Арай өөрөөр буюу илүү сонирхолтой байх болно" гэв. "Хурдын дуунууд дахин шинэ өнгө аясаар тоглогдож, шинэ түүхийг өгүүлнэ" Ерөнхий найруулагч Б.Даваасүрэн "Хурд хамтлагийн дуу болгон үе үеийн залуучуудын амьдралд ямар нэгэн түүхийг өгүүлж байдаг. Уг мюзиклд Хурдын дуунууд дахин шинэ өнгө аясаар тоглогдож, шинэ түүхийг өгүүлнэ. 11-р сарын 11-нээс эхлэн хамтдаа зүрхээ норгон нэгэн хөгөөр амьсгалахыг урьж байна" гэв.
