Б.Пүрэвдагва: Наадамчдын гүүрнээс 22-ын товчоо хүртэл зургаан эгнээтэй хурдны зам барих төлөвлөгөө гарсан
Нийслэлийн төсвийн 2.3 их наяд төгрөгөөр барих Туулын хурдны зам төслийг зогсоогоод буй. Төслийн трассыг өөрчилж барихаар болжээ. Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Туулын хурдны замын трассыг өөрчилж, баруун гарцын авто замыг барина. Одоо Туулын хурдны зам гэдэг ойлголт байхгүй. China Highway компанитай байгуулсан гэрээний хүрээнд өөрчлөлтийг хийж, түгжрэлийн асуудлыг шийдэх үр ашигтай трассууд буюу баруун гарцын авто замыг 2027 онд барих төлөвлөгөө гарсан. Трассын хувьд Наадамчдын гүүрнээс 22-ын товчоо хүртэл зургаан эгнээтэй хурдны шинэ зам барина. Бургас тастаж, байгаль орчныг сүйтгэхгүйгээр авто замыг барих юм. Улаанбаатар хотоос баруун талын 16 аймаг руу тээврийн хэрэгсэл явдаг. Гамшиг осол гарвал Сонсголонгийн зам дээр түгжрэх эрсдэлтэй байгаа учраас 1.8 сая хүн амтай хотын баруун гарцыг зайлшгүй барих шаардлагатай. Үүнээс гадна Баруун гарцад Эмээлтээс Өлзийт хороолол хүртэл 12км авто зам ирэх онд баригдахаар заавал хотоор дайрч явахгүй, Төв аймгийн замаар хотыг тойрч явах боломж бүрдэнэ" гэв. Туулын хурдны зам төсөлд зарцуулах гэж байсан ₮500 тэрбумыг баруун гарцын хурдны замд зарцуулах аж.
