Depository of News

З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй

newsdepo.com · world

Оюутолгойн ногдол ашгийн мөнгөөр ДЦС-VI болон 10 аймгийн дулааны станц барих агуулгатай хуулийн төслийг Засгийн газар татан авч, Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болсон. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзахдаа Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрд хүртээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр ногдол ашгийг иргэдэд бэлнээр өгөх боломжтой эсэх талаар Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тэрбээр "Төсвийн хэлэлцүүлгийн явцад ард иргэдээс санал асуулга явуулахад одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Баялгийн сангийн хуулийн хүрээнд Хуримтлалын санд авах нь зүйтэй гэж олонх нь шийдсэн. Баялгийн сангийн тухай хуулиар хэрэв гурван их наяд төгрөг орж ирвэл Хуримтлалын санд орно. Үүнээс нэг их наяд төгрөгийг ипотек, боловсрол, эрүүл мэндэд зарцуулна гэдэг Засгийн газрын бодлого хэвээрээ. Засгийн газар Оюутолгойн ногдол ашиг орж ирвэл Хуримтлалын санд төвлөрүүлнэ гэсэн байр суурь дээр байгаа. Гурван их наяд төгрөгийг эдийн засагт тараавал инфляц 2-3 хувиар өснө. Энэ бол эргээд ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй гэсэн байр суурьтай байна. Ерөнхийлөгч өчигдөр байр сууриа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн байр суурийг хүндэтгэж байгаа. Гэхдээ Засгийн газрын бодлого хэвээрээ байгаа гэдгийг хэлье. Ногдол ашгийг олж ирэх нь чухал. Хэрэв бэлэн мөнгө тараах байдлаар асуудлыг шийдвэл Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт орох хэрэгтэй. Ийм хуулийг Засгийн газар өргөн барихгүй" гэв.

Read full article →