Depository of News

Хоригдолд давуу байдал олгосон нэр бүхий хорих ангийн төлөөлөгчийн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасав

newsdepo.com · world

Прокурорын байгууллага энэ оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 588 хүнд холбогдох 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд Нийслэлийн Прокурорын Газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс зургаан хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлжээ. Шүүхээс зургаан хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2-8 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, хоёр хүнд зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял, гурван хүнд 3.5 саяас 35 сая төгрөгөөр торгох ял, нэг хүнд хоёр жил, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон нийт 163.5 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлүүлснийг мэдээлэв. Тухайлбал: Л.Д нь ШШГЕГ-ын харьяа ... дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа холбогдох дүрэм, журмыг зөрчиж, нэр бүхий хоригдолд давуу байдал олгож, улмаар бэлэн мөнгө, эд зүйл авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Л.Д-г албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, хоёр жил, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 1.1 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.

Read full article →