Depository of News

“Онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан” гэх хуурамч сүрдүүлэг Европ даяар зорчигч тээврийн долоон нислэгт нөлөөлжээ

newsdepo.com · world

Мягмар гарагт Европ даяар зорчигч тээврийн долоон онгоцонд бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн сэрэмжлүүлгийн дагуу шалгалт явуулжээ. Ryanair компанийн Дублин болон Лиссабоноос хөөрсөн хоёр онгоц Ром хотод газардсаныхаа дараа нэрээ нууцалсан этгээдүүдээс ирсэн мэдээллийн дагуу нэгжлэгт хамрагдсан боловч тэсрэх бөмбөг илрээгүйг тус хотын Фьюмичино нисэх буудлын албаны эх сурвалжууд мэдээлсэн байна. Дублинаас ирсэн онгоцыг газардах хүртэл Италийн агаарын цэргийн хүчнийхэн дагалдан нисжээ. Мөн Польш, Испани, Болгар улсуудад бас ижил мэдээлэл ирсний дараа онгоцнуудад үзлэг, шалгалт явуулсан байна. Эдгээр тохиолдлуудын хооронд ямар нэгэн холбоо хамаарал албан ёсоор тогтоогдоогүй байгаа ч агаарын орон зайн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилготой, зохион байгуулалттай ажиллагаа байсан эсэхийг тогтоохоор улс орнуудын эрх бүхий байгууллагууд хамтран ажиллаж эхэлжээ. Их Британийн засгийн газар эдгээр үйл явдлуудыг “хорлон сүйтгэх зорилготой, хуурамч сүрдүүлэг" гэж тодорхойлсон байна. Нисэхийн аюулгүй байдлын шинжээч Пол Мэйсон зорчигч тээврийн онгоцнуудад бөмбөг тавьсан тухай сүрдүүлэг "тийм ч олон гардаггүй" тул энэ удаагийн үйл явдлууд "ер бусын" байгааг онцолжээ. Варшавын чиглэлд ниссэн хоёр онгоц, түүний дотор Лондоны Хитроу нисэх буудлаас хөөрсөн нэг онгоц мөн сүрдүүлэгт өртсөн ч бөмбөг илрээгүй байна. Хитроугийн нислэг анх Польшийн нийслэлийн гол нисэх буудал болох Шопенд газардах ёстой байсан ч сүрдүүлгийн улмаас чиглэлээ өөрчлөн жижиг нисэх буудал болох Модлинд газардаж, тус буудлыг түр хугацаагаар хаахад хүргэжээ. Харин Копенхаген хотоос Варшавын Шопен нисэх буудлыг чиглэсэн Scandinavian Airlines компанийн нислэг төлөвлөгөөний дагуу газардсан байна. Мягмар гарагийн орой Болгарын тээврийн сайд Георги Пеев тус улсын нийслэл Софи хотыг чиглэсэн хоёр онгоцонд бөмбөг тавьсан тухай заналхийлэл ирснийг мэдэгджээ. Эдгээр нислэгүүд Италийн хойд хэсэгт орших Бергамо хот болон Ирландын нийслэл Дублин хотоос ирж байсан гэнэ. Софийг чиглэсэн нислэгүүдийн чиглэлийг өөрчлөөгүй бөгөөд онгоцнуудад үзлэг хийх үед ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүйг Пеев хэлжээ. Болгарын хил хамгаалах албанаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар орон нутгийн цагаар 10:35 цагийн орчимд "Бергамогоос ирж буй онгоцонд гар аргаар хийсэн тэсрэх төхөөрөмж байгаа" тухай цахим шуудан хүлээн авсан байна. "Ийм тохиолдолд хэрэгжүүлдэг стандарт журмыг нэн даруй идэвхжүүлж, янз бүрийн байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн шуурхай штабыг ажиллуулсан" гэж мэдэгдэлд дурджээ. Мөн уг цахим шууданд "Дублинаас ирж буй онгоцонд ч мөн ижил төстэй төхөөрөмж байгаа" талаар дурдсан байсныг нэмж мэдээлсэн байна. Үүнтэй зэрэгцэн Грек улсаас Израил руу хөдлөх гэж байсан тэнгисийн аяллын хөлөг онгоцонд бөмбөг тавьсан тухай мэдээлэл ирсний улмаас 1,537 зорчигч болон багийн гишүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн тухай хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Эгийн тэнгисийн Сирос арлын боомтод зогсож байсан Панамын далбаатай "Crown Iris" хөлөг онгоцонд хийсэн анхан шатны үзлэгээр ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүйг Грекийн тал мэдээлсэн байна. Эрх баригчид удахгүй хоёр дахь шатны үзлэгийг хийхээр төлөвлөжээ. Мягмар гарагийн эдгээр үйл явдлууд Британийн Лондон Лутон нисэх буудлаас ирсэн Wizz Air компанийн онгоц бөмбөг тавьсан гэх сүрдүүлгийн дараа Унгарын сөнөөгч онгоцоор хамгаалуулан Будапешт хотод ослын буулт хийснээс хойш нэг өдрийн дараа болсон юм. Wizz Air дараа нь аюулгүй байдлын шалгалтаар юу ч илрээгүйг мэдэгдэж байв. Эх сурвалж: BBC

Read full article →