Гавьяат тамирчин Н.Нандинхүсэлийн баг улирлын нээлтийн тоглолтод хожлоо
Монгол Улсын Гавьяат тамирчин, 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүн Нямжавын Нандинхүсэл АНУ-ын оюутны лигийн Теннесси их сургуулийн "Tennessee State Lady Tigers" багт энэ улирлаас тоглож эхэлсэн билээ. Оюутны лиг буюу NCAA-гийн нэгдүгээр зэрэглэлд хамаардаг тус их сургуулийн баг нээлтийн тоглолтоо "Toccoa Falls Eagles" багийг талбайдаа хүлээн авсан юм. Талбайн эзэд тоглолтын эхнээс л санаачилгыг авч, давамгайллаа төгсгөл хүртэл хадгалсаар 95:46-гаар буулган авлаа. Н.Нандинхүсэл уг тоглолтод гараанд гарч, нийт 17 минут тоглохдоо 9 оноо, 7 самбараас бөмбөг авчээ. Түүний багаас Сома Камара 24 оноо авснаар тэргүүлсэн бол сэлгээнээс ЛаКлара Александер 12 оноо, 11 самбараас бөмбөг авсан байна. "Lady Tigers" дараагийн тоглолтоо орон нутгийн цагаар энэ сарын 6-ны Баасан гарагт "William & Mary Tribe" багийн талбайд зочлох хуваарьтай.
