Depository of News

Б.Мөнхтамир: Арваннэгдүгээр сарын 92,000 тонн шатахууны захиалгыг баталгаажуулаад байна

newsdepo.com · world

Шатахууны шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. ОХУ-ын Ангарск нефтийн үйлдвэрээс аравдугаар сард захиалсан шатахуун захиалгын тоо 57,000 тонноос 51,000 нь ачигдсан. Одоо 5,700 тонн шатахууны тээвэр замдаа явж байгаа. Ингэснээр шатахууны аравдугаар сарын захиалга гүйцнэ гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир хэллээ. Мөн тэрбээр "БНХАУ-аас захиалсан 8,000 тонн автобензин бүгд орж ирсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 10 хоног Дизелийн түлш 28 хоног Онгоцны түлшний 36 хоногийн нөөцтэй байна. Цаашид ОХУ-аас арваннэгдүгээр сарын захиалгыг нэмэгдүүлж, 70,000 тонн болгосон. Мөн Казахстан улсаас 3,000 тонн, Хятад улсаас 8,000 тонн, Солонгос улсаас 12,000 тонн буюу нийт 92,000 тонн шатахууны захиалгыг баталгаажуулаад байна. Арваннэгдүгээр сард Монгол Улсын энгийн үеийн нийт хэрэглээнээс 20,000 орчим тонноор илүү захиалга хийсэн. Цаашид шатахуун хадгалах савыг эрчимтэй нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт “Шинэ эрин” компанийн шинээр барьж байгаа 16,000 метр куб шатахуун агуулах савны байгууламж ашиглалтад ороход бэлэн боллоо. Цаашид шатахууны савыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын хэмжээнд нөөцийг сайжруулах боломж. Хамгийн доод тал нь гурван сарын нөөцтэй байхаар ажиллаж байна" гэлээ. Үргэлжлүүлэн "Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын төмөр замын хэмжээнд 200 орчим шатахуунтай вагон байна. Энэ нь 7-8 өдрийн хэрэглээний шатахуун бэлэн байна гэсэн үг. Цаашид ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийж байгаа хамтын ажиллагааны хүрээнд шатахуун тасрахгүй гэдгийг дахин мэдэгдье. Иймд шатахуунд олноор оочер дараалалд зогсох шаардлагагүй. Шатахуун тасалдалттай холбоотой асуудал нь вагон тээврийн эргэлттэй холбоотой. Улаанбаатар төмөр замын хэмжээнд 1,500 орчим вагон шатахууны төрлийн бүтээгдэхүүнтэй байна. Эдгээр бүтээгдэхүүнийг нэн яаралтай буулгах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. 10-11 сар бол Монгол Улсын хувьд улирлын шинж чанартай зуны түлшнээс өвлийн түлш рүү шилждэг шилжилтийн цаг үе юм. Энэ цаг үетэй холбоотойгоор өвлийн түлшний нөөц хангалттай бүрдсэн. Нөөцийг Улаанбаатар төмөр замын хэмжээнд байгаа вагонуудаас яаралтай буулгаж ОХУ руу буцаах, вагон эргэлтийг сайжруулах ажлууд хийх хэрэгтэй байгаа. Вагон эргэлт сайжирснаар ОХУ-аас нааш ачигдах ачилтын эргэлт сайжирна" гэдгийг нэмж ярилаа.

Read full article →