Түүхэн, өндөр түвшний харилцаагаа өнгөлж, тордох нь бидний үүрэг болоод байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европ тивийн гурван улсад /Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс/ төрийн айлчлал хийв. Түүхэн хэмээн нэрлээд буй гурван улсад дараалан хийсэн айлчлалын талаарх тоймыг цувралаар хүргэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Европ дахь айлчлал Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас эхэлсэн. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж байв. Түүнээс хоёр жилийн дараах хариу айлчлалыг Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойтой давхцуулсан нь зочлох хийгээд угтах дипломат ёслолыг илүү утга учиртай болгосон явдал байлаа. Монгол Улс, ХБНГУ 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоож, харилцааны түвшнийг 2008 онд “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн юм. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчийн 2024 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа үүнээс ч өмнө буюу 1241 онд өнөөгийн Польшийн нутаг дахь Лигницийн тулалдаанаар эхэлж, 19 дүгээр зууны дунд үеэс Монгол судлалын чиглэлээр өртөөлж, 20 дугаар зууны эхээр Монгол залуус Германд боловсрол эзэмшиж эхэлснээр батажсан түүхтэй. Энэхүү харилцааг үе үеийн төрийн тэргүүнүүдийн айлчлал эрчимжүүлсээр 2024 онд Монгол Улс Европын холбооноос хамгийн анх ХБНГУ-тай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон билээ. Хоёр улс стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноор улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах суурийг тавьсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал тэрхүү суурийг улам бататгаж, илүү өргөжүүлэх зорилготой байв. Монгол, Герман улсууд хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлов Хоёр улсын төрийн тэргүүнүүд “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулсан. Хамтарсан тунхаглалаар хоёр улсын стратегийн түншлэлийг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойллоо. Хоёр талын гарын үсэг зурсан баримт бичгүүд: “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг” зэрэг санаачилгад тулгуурлан эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, монгол оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы тэргүүн туршлагыг нэвтрүүлж, Монгол Улсад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон уулын явган цэргийн чиглэлээр төрөлжсөн сургалтууд зохион байгуулахаар тохиролцов. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, ногоон эдийн засгийн шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад тэргүүлэх ач холбогдол өгөхөөр боллоо. Хоёр улсын иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах боломжийг судалж, энэ чиглэлээр яриа хэлэлцээг эхлүүлэх, Франкфурт ам Майн хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхээр болсныг зарлалаа. ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк Монгол Улсын “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-тэй тогтвортой хөгжил, ашигт малтмалын нөөц, аж үйлдвэр, технологи, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилт болон хариуцлагатай хөрөнгийн удирдлагын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Монголбанк, Германы Холбооны банк хоорондын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулав. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч нар энэ онд Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, оюутан, багш, судлаачдын солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцсон. 35.5 сая ам.долларын үнийн дүнтэй гэрээ байгуулав Айлчлалын хүрээнд Монгол-Германы бизнес форум зохион байгуулсан. Айлчлалын багт албаныхан болон сэтгүүлчид, урлагийнхнаас гадна бизнес эрхлэгчид багтсан юм. Форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцов. Форумын үеэр Монголын “GR Precast” ХХК болон Германы “CBS Home” компани Монгол Улсад хөнгөн бетон угсармал эдлэлийн орчин үеийн үйлдвэрлэл байгуулах чиглэлээр, “Blackbox Energy” болон “smartOPS” компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг солилцов. Мөн “Хүнс Комплекс” ХХК Германы “Poly-clip System” болон “Eberhardt” компаниудтай тус тус бизнесийн хамтын ажиллагааны санамж бичиг солилцсон юм. Нийт дүнгээр Герман-Монголын бизнес форумын хүрээнд 6 гэрээ, санамж бичиг байгуулж, 35.5 сая ам.долларын үнийн дүнтэй гэрээг байгуулжээ. "Зуун жилийн тэртээх харилцааны үр нөлөө үр шимээ өдгөө ч өгсөөр байна" Монголчуудын хүн амын нэг хувь нь герман хэлээр ярьдаг, Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” хөтөлбөрийн тэтгэлгээр хамгийн олон буюу 126 оюутан тус улсад суралцаж байгаа гэх тоо баримт айлчлалын үеэр олонтоо дурдагдаж байсан юм. Дээрх тоонууд монголчуудын хувьд Герман гарцаагүй чухал хөрш нь болохыг илтгэж буй хэрэг. Харин германчуудын хувьд бид хэн бэ. Энэ удаагийн айлчлал Монгол залуус баруунд боловсрол эзэмшиж эхэлсний 100 жилийн ойтой давхцан буйг дээр өгүүлсэн. Энэ талаар ноён Франк-Вальтер Штайнмайэр "Бид энэ жил түүхэн ач холбогдолтой нэгэн онцгой ойг тэмдэглэж байна. Тэртээ 100 жилийн өмнө буюу 1926 онд монгол залуус Европын соёл, боловсролтой танилцаж, суралцахаар алсын замд гарч байсан. Ийм учрал нь хүний танин мэдэхүйн хүрээг тэлж, шинэ ертөнцийг нээж өгдөг билээ. Зуун жилийн тэртээх тэдний анхны учрал, харилцааны үр нөлөө өнөөг хүртэл түүчээлж, тэрхүү аялал хэдийгээр өндөрлөсөн хэдий ч үр шимээ өдгөө ч өгсөөр байна" хэмээсэн. Түүхэн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Лайпцигийн их сургуульд зочилж, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж, Германы нэрт дорно дахинч, монголч эрдэмтэн, профессор Эрих Хэниш нарт зориулсан дурсгалын самбар, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлтийн ёслолд оролцсон. Мөн Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг тус их сургуульд зохион байгуулсан. Лайпцигийн их сургууль нь Монгол судлалын урт хугацааны уламжлалтай. XIX зууны сүүлчээр тус сургуульд Германд анх удаа Монголын соёлын талаар хичээл зааж эхэлсэн бөгөөд XX зуунд Монгол судлал бие даасан судалгааны чиглэл болон хөгжсөн билээ. Тус сургуульд ажиллаж байсан монгол, хятад судлаач профессор Эрих Хэниш “Монголын нууц товчоо”-г герман хэлнээ орчуулсан эрдэмтдийн нэг юм. Өдгөө Лайпцигийн их сургууль Монгол Улсын их сургуультай их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд боловсрол, эрдэм шинжилгээний харилцаагаа үргэлжлүүлж байна. Мөн дурдахгүй байхын аргагүй нэгэн арга хэмжээ нь Берлин хотноо нээгдсэн "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн юм. Монгол, Германы археологийн салбарын хамтын ажиллагаа 1999 оноос эхэлсэн. Орхоны хөндий, Монголын эртний нийслэл Хархорум хотын Монгол, Германы хамтарсан археологийн судалгаа нь хоёр орны шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны томоохон бэлгэ тэмдэг, бодит үр дүн болж ирсэн гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолсон. Европ дахины хувьд эзлэн түрэмгийлж асан Чингис хаан болон түүний үр хойчистой холбогдох үзмэрийг дэлгэн харуулж, иргэд нь сонирхон үзэж, шинэ цагийн Монголчуудын оюун санааны түүчээ Д.Нацагдоржид зориулсан дурсгалын самбар, шуудангийн марк гаргасан зэрэг нь Германчуудын хувьд бид хэн бэ гэх дээрх асуултын хариулт болох биз ээ. П.Мягмардорж: Бид итгэл хүлээсэн сайн түнш байж чадаж байна уу гэдгээ эргэж харах шаардлагатай байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлалын талаарх судлаачийн байр суурийг хүргэж байна. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн ахлах багш, Олон улс судлалын доктор П.Мягмардорж "Өмнө нь бид тусламж, зээл, хөрөнгө оруулалт хүсдэг байсан бол одоо тодорхой салбаруудад хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах, шинэ агуулгаар баяжуулах шаардлагатай байна. Бид стратегийн түвшний харилцааг олон улстай байгуулж, харилцааныхаа түвшинг дээшлүүлж байгаа. Тэгвэл бид итгэл хүлээсэн сайн түнш байж чадаж байна уу гэдгээ эргэж харах шаардлагатай байна. Нэг жишээ дурдахад, 2011 онд манай хоёр улс ашигт малтмал, технологийн салбарын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Энэ нь Германаас гадаад улсуудтай байгуулсан анхны ийм төрлийн хэлэлцээр юм. Энэ хэлэлцээрийн үр дүнд Ашигт малтмал, технологийн хамтарсан дээд сургууль байгуулагдсан. Гэхдээ уул уурхай, технологи, аж үйлдвэрийн салбарт бодитоор хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжсэн үү үгүй юу гэдгийг харах хэрэгтэй болоод байна. Айлын тал харилцаандаа ач холбогдол өгөөд яваад байна. Харин бид Ази, Еврази дахь итгэлтэй түнш нь байж чадах уу гэдэг өөрсдөөс маань шалтгаалах болоод байна. Ялангуяа өндөр дээд түвшинд, Ерөнхий сайдууд, гадаад харилцааны яамдын түвшинд байгуулсан гэрээ, хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох нь биднээс шалтгаална. Энэ удаагийн айлчлал үүнд л чиглэсэн гэж харж байна. Яагаад гэвэл айлчлалын багт сэргээгдэх эрчим хүч, ашигт малтмал, уул уурхай, хөнгөн үйлдвэрлэл, боловсролын чиглэлээр бизнес эрхлэгчид багтаж, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг байгууллаа. Герман бол түүх, сэтгэлгээ, иргэд хоорондын харилцааны хувьд манай маш чухал гуравдагч хөрш. Харин Германы хувьд Евразийн орон зай дахь геополитикийн ашиг сонирхол, эрчим хүч, газрын ховор элементтэй холбоотойгоор нэг сонирхох улс нь Монгол. Энэ сонирхлыг бодит ажил болгож, хөрөнгө оруулалт татан, хамтын ажиллагааны бэлгэдэл болж он удаан жил үргэлжлэх төсөл бий болгоход бид анхаарах ёстой" гэв.
