У.Хүрэлсүх: Баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно
2027 онд Монгол Улс Оюутолгойгоос ногдол ашиг авахаар болсон. Засгийн газрын тооцоолсноор ирэх онд ГУРВАН ИХ НАЯД төгрөгийг ногдол ашигт авна гэж буй. Мөрдөгдөж буй хуулийн дагуу уг ногдол ашгийг Хуримтлалын санд байршуулах учиртай. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ногдол ашгийг иргэн бүрд хүртээх ёстой гэсэн байр суурийг Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзахдаа илэрхийлжээ. Тодруулбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн анхны ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа шууд хүртэх саналыг ирүүлээд байна. Дэлхий даяар бий болсон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл нь улс орнуудын эдийн засагт цохилт өгч байна. Энэ нөхцөл байдал нь манай улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж, өрхийн худалдан авах чадвар буурч, томоохон сорилттой бид нүүр тулж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно. Та бүхэн хөрөнгө оруулагч талтайгаа гэрээ хэлэлцээрээ маш сайн хийх хэрэгтэй. Мөнгийг нь яаж хуваарилж хэзээ дансанд хийхийг Засгийн газар өөрийн эрхзүйн орчиндоо тохируулж, дүрэм журмаа боловсруулах хэрэгтэй. Гурван их наяд төгрөгөөс орж ирсэн тухай бүрд нь иргэдийнхээ дансанд шилжүүлж, энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах ёстой" хэмээжээ.
