Depository of News

Авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцох, хотын татварыг бууруулах төслийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр товложээ

newsdepo.com · world

НИТХ-ын ээлжит IX хуралдааныг 11 дүгээр сарын 9-ний 10:00 цагт хуралдуулахаар товложээ. Хуралдаанаар нийт 19 асуудлыг хэлэлцүүлэгт оруулахыг зөвлөлийн гишүүдийн олонх дэмжсэн байна. Тухайлбал НИТХ-ын 2024 оны 24/29 дүгээр тогтоолд нэмэлт оруулж, авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтыг боловсронгуй болгохдоо долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан өдрийн тоотой хувь тэнцүүлэн дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцох саналыг тусгажээ. Ингэхдээ COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор хэрэгжүүлсэн тэгш, сондгой дугаарын түр хязгаарлалтад хамрагдсан 14 хоногийн төлбөрийг хасах аж. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үзүүлж буй зочид буудал, амралтын газар, ресторан, баар, автомашин угаалгын болон авто үйлчилгээний зургаан төрлийн үйлчилгээнд ногдуулах хотын албан татварын хувь хэмжээг одоогийн 2 хувиас 1 хувь болгон бууруулах өөрчлөлтийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр санал болгожээ. Үүнээс гадна эхний есөн сарын эдийн засгийн үзүүлэлт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.3 хувь, валютын нөөц 8.897 тэрбум ам.долларт хүрсэн гээд нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Сануулахад нийслэл хотод энэ оны найм, есдүгээр сард нийт 28 хоног тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулсан. Энэхүү зохицуулалтын дагуу иргэд 14 хоног машинаа унаагүй, үүнийг 2027 оны авто зам ашигласны төлбөрөөс хасна гэж нийслэлийн удирдлагууд мэдээлээд буй. Мөн хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай буюу ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто үйлчилгээ зэрэг зургаан төрлийн үйлчилгээнд ногдуулдаг 2 хувийн татварыг 1 хувь болгож бууруулах тогтоолын төсөл боловсруулснаа танилцуулж байсан юм.

Read full article →