Оросын жижиглэн худалдааны Fix Price компани Монголын зах зээлээс бүрмөсөн гарсан тухай хэвлэлүүд мэдээлжээ
Оросын жижиглэн худалдааны Fix Price сүлжээ дэлгүүр Монголын зах зээлээс бүрмөсөн гарч, тус улс дахь гурван салбараа есдүгээр сарын эцэс гэхэд бүгдийг нь хаасан тухай Ведомости сонин Даваа гарагт мэдээлжээ. Энэхүү мэдээллийг тус компанийн 2026 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаас авснаа эх сурвалж дурдсан байна. Fix Price компани Монголын зах зээлээс гарах болсон шалтгааны талаар олон нийтэд ямар нэгэн тайлбар өгөөгүй юм. Салбарын шинжээчид Ведомости сонинд өгсөн ярилцлагадаа Монголын зах зээлийн жижиг хэмжээ, мөн ложистикийн бэрхшээл ихтэй байдал нь "Fix Price” компанид тогтвортой бизнес эрхлэхэд хүндрэл учруулсан байж болзошгүйг тайлбарлажээ. Fix Price нь 2023 оны нэгдүгээр сард Монголын зах зээлд анх нэвтэрч, нийслэл Улаанбаатар хотод франчайзын загвараар хоёр салбараа нээж байв. Эдгээр дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын Новосибирск хот дахь түгээлтийн төвөөс ачааны машинаар хил давуулан тээвэрлэн хүргэдэг байжээ. Тус сүлжээ дэлгүүр 2025 оны сүүлч гэхэд салбарынхаа тоог дөрөв хүртэл нэмэгдүүлсэн ч сүүлд буцаан цөөрүүлсэн байна. Монголоос гадна Fix Price нь Киргизстан улс дахь франчайз салбаруудынхаа тоог зургаагаас дөрөв болгож, Арабын Нэгдсэн Эмират Улс дахь салбаруудынхаа тоог дөрвөөс гурав болгон тус тус цөөрүүлжээ. Харин эсрэгээрээ Узбекистан дахь салбаруудын тоо 25-аас 30 болгон өсгөсөн бол тайлант гурван сарын хугацаанд Серби улсад 10 шинэ салбар нээсэн байна. 2007 онд үүсгэн байгуулагдсан Fix Price нь Оросын хамгийн том хямдралтай барааны сүлжээ дэлгүүр бөгөөд одоо 10 улсад нийт 8,219 салбартай үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн гадаад зах зээлүүдээс Беларусь (411 салбар) болон Казахстан (408 салбар) улсууд голлох байр суурийг эзэлдэг ажээ. Fix Price компани 2021 онд Лондоны хөрөнгийн бирж дээр хувьцаагаа анх олон нийтэд санал болгосныхоо (IPO) дараа 2023 онд компанийнхаа бүртгэлийг Кипр улсаас Казахстан улс руу шилжүүлсэн байна. Эх сурвалж: Ведомости
