Нетаньяху АНУ-ын завсрын сонгуулийн дараа Иранд дахин довтлохоор Трампыг ятгаж байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ
Бүс нутгийн хоёр албан тушаалтан болон мэдээлэлд ойр гурав дахь эх сурвалжийн мэдээлснээр Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өнөөдөр АНУ-д болох Конгрессын завсрын сонгуулийн дараа Иранд дахин довтлохоор ерөнхийлөгч Дональд Трампыг ятгаж байгаа гэнэ. Ираны эсрэг дайн дахин дэгдэх нь Нетаньяхуд онцгой байдлын үеийн засгийн газар байгуулах боломж олгож магадгүй болоод байгаа. Учир нь өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулиар тэр болон түүний хэт барууны үзэлт эвсэл парламентад олонхын суудлаа алдсан билээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн хугацаанд Ираныг дайнаар сүрдүүлэх, эсвэл яриа хэлэлцээний санал тавих гэсэн хоёр өөр байр суурийг ээлжлэн илэрхийлсээр ирсэн. Албаны эх сурвалжуудын хэлснээр дипломат хүчин чармайлт тодорхой ахиц дэвшилд хүрч, Катарын зуучлагчид өнгөрсөн долоо хоногт Ираны албаны хүмүүстэй хоёр үе шаттай уулзсан байна. Зуучлагчид тохиролцооны нэг хувилбарыг боловсруулж байгаа бөгөөд хэрвээ хэрэгжвэл Иран улс Ормузын хоолойд халдлагаа зогсоож, хариуд нь Ираны боомтуудад тогтоосон тэнгисийн бүслэлтээ АНУ цуцлах гэнэ. Энэ долоо хоногт яриа хэлэлцээ үргэлжлэх төлөвтэй байгааг тэд мэдээлжээ. Гурав дахь эх сурвалжийн мэдээлснээр Нетаньяху АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай хамтран Иранд богино хугацаанд, өргөн хүрээтэй агаарын цохилт өгөхөөр Трампыг ятгаж байгаа ч тэр одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа гэнэ. Тухайлбал Нетаньяху өнгөрсөн амралтын өдрүүдэд Трамптай утсаар ярихдаа энэ асуудлаар шахалт үзүүлсэн боловч Трамп тодорхой амлалт өгөөгүй юм байна. Ойрх Дорнод дахь АНУ-ын бусад холбоотнууд агаарын цохилтыг дахин сэргээхийн эсрэг байр суурь илэрхийлж байгаа гэнэ. Тэдний үзэж байгаагаар ингэвэл бүс нутагт тогтворгүй байдал нэмэгдэж, Йемен дэх Ираны холбоотон Хусит босогчид Саудын Араб болон Улаан тэнгист зорчиж буй тээврийн хөлөг онгоцнууд руу халдлагаа эрчимжүүлэхэд хүргэж болзошгүй юм байна. Түүнчлэн Ираны дэмжлэгтэй Ирак дахь зэвсэгт бүлэглэлүүд үүнд татагдан орохоос Ойрх Дорнодын орнууд болгоомжилж байгаа гэнэ. Израилийн сонгуулийн өмнө ч Нетаньяху дахин Иранд довтлохыг АНУ-ын талаас шаардаж байсан юм. Бямба гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-аас Иран руу шинээр довтлох магадлал болон Ираны хариу үйлдлийн талаар асуухад төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио цаашид юу болохыг тодорхой хэлээгүй ч Трампын засаг захиргаа дипломат шийдлийг илүүд үзэж байгаа бөгөөд хэлэлцээ үргэлжилж буйг мэдэгджээ. “Ерөнхийлөгч энэ талаар хараахан шийдвэр гаргаагүй байна" гэж Рубио хэлсэн юм. АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн дараа дайн үргэлжилж болзошгүй гэсэн айдас Ираны нийгэмд үүсээд байна. Тус улсын дээд удирдагч Аятолла Можтаба Хамени саяхан Ираны цэргийн командлагч нартай уулзах үеэрээ АНУ эсвэл Израилиас ирэх "ямар ч төрлийн, ямар ч түвшний аюул занал"-д нэн даруй, "газарзүйн хязгаарлалтгүйгээр" хариу өгөх ёстойг онцолж, боломжит байнуудын жагсаалтыг өргөжүүлэхийг үүрэг болгожээ. Эх сурвалж: Associated Press
