С.Наранцогт: 2012 оноос эхэлсэн төсвийн шинжтэй санхүүжилтэд төв банк ₮15.7 их наядыг гаргасан
УИХ дахь намын бүлгүүдийн хурлаар Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонссон байна. Монголбанк өнгөрсөн сард “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Ирэх таван жилд Монголбанкны өөрийн хөрөнгийн 4.8 их наяд төгрөгийн дутагдлыг Засгийн газрын үнэт цаас гаргах замаар нөхөх гэж байгаа юм. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тэрбээр "Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг Засгийн газрын тусгай бонд гаргаж шийддэг нь олон улсын практик. Олон улсын валютын сангаас өгдөг зөвлөмж нь энэ. 2023, 2026 онд ингэж шийдэх зөвлөмжийг өгсөн. Төсвийн алдагдал үүсгэхгүйгээр бүртгэлийн аргаар шийдвэрлэх боломжтой. Бүр их эрсдэлтэй гэвэл эрх зүйн хувьд тодотгоод шийднэ. Монголбанк өөрийн хөрөнгө дутагдлын асуудлыг шийдэхгүй бол инфляцад далд байдлаар нөлөөлдөг. Төв банкны мөнгөний бодлогыг явуулах орон зайг хумьдаг сөрөг үр дагавартай. Үүнийг шийдэж чадвал 2032 оноос төсөв дээр бондын хүү үндсэн төлбөрийг төлөх зүйл гарна. Инфляцыг өсгөөд арга хэмжээ авахгүй бол инфляцаар төлөгдөх урсгал зардал нь 2-3 дахин томрох эрсдэл бий. Инфляцыг өгсөж иргэдийн амьдралын чанар болон төсвийн ачааллыг нэмэгдүүлэхгүй гэсэн аль аль талын арга хэмжээ. Зөвхөн төв банкны балансыг сайжруулах арга хэмжээ биш. Улс орны макро эдийн засгийн тэнцвэрийг зөв хадгалах гэж буй арга хэмжээ юм. 2012 оноос эхэлсэн төсвийн шинжтэй санхүүжилтэд 15.7 их наяд төгрөг төв банкнаас гарсан. Цэвэр дүнгээр 5.4 их наяд төгрөг болж байгаа. Зарим хугацаанд мөчлөг дагасан экспортын орлого, эдийн засагт илүүдэл нөөц үүссэнийг богино хугацааны дутагдлыг нөхөх зорилгоор төв банкны үнэт цаасаар татаж байгаа нь төв банкны төлөх хүүгийн зардлыг нэмэгдүүлж байна. Төв банкнаас төлөгдөж буй хүүгийн талаас илүү хувь нь үнэт цаасны хүүд төлөгдөж байна. Мөн своп хэлцэл болоод бусад банкны үлдэгдэлд төлж буй хүүгийн зардал нэмэгддэг. Эрдэнэс бондын 870 тэрбум төгрөг, Засгийн газар Монголбанк хооронд үүссэн өр төлбөрийн асуудал 1.5 их наяд төгрөгт хүрсэн. Сүүлийн 15 жилийн хугацаанд инфляц зорилтот түвшиндээ тавхан удаа орсон. 2021 оноос эхлээд зорилтот түвшнээс зөрдөг зөрүү томорсон. Энэ нь суурь асуудлаа шийдэхгүй бол зөвхөн төв банк мөнгөний бодлогоор асуудлаа удирдахад хязгаарлагдмал байна" гэв.
