Улаанбаатарын агаарын бохирдлыг ₮14.9 их наядын санхүүжилтээр таван жилийн дотор 55% бууруулах төлөвлөгөөг танилцуулав
Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөний төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Гадаад Харилцааны Яаманд өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр 2026-2030 оныг хүртэл агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөний төслийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Баттүшиг дараах байдлаар танилцуулсан юм. Одоогоор төлөвлөгөөний төсөлд долоон бүлэг, 58 арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд нийт дүнгээр 14.9 их наяд төгрөгийг төсөвлөх санал ирсэн байна. Энэхүү төлөвлөгөө батлагдсанаар УИХ-ын 53, 57, 119 дүгээр тогтоолын хэрэгжилт хангагдахаас гадна агаарын чанарын үзүүлэлтийг олон улсын стандарт түвшинд хүргэхээр зорьж байгааг тэрбээр хэллээ. Бүлгийг ерөнхий байдлаар нь харвал: Нэгдүгээрт хууль эрх зүйн стандартыг боловсронгуй болгох чиглэлээр 12 ажил Хоёрдугаарт хатуу түлшний хэрэглээг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалттай холбоотой есөн арга хэмжээ Гуравдугаарт цахилгаан, дулаан, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхтэй холбоотой нийт 17 арга хэмжээ Дөрөвдүгээрт авто тээвэр буюу хөдөлгөөнт эх үүсвэрийн бохирдлыг бууруулах дөрвөн арга хэмжээ Тавдугаарт дотоод орчны агаарын чанарыг сайжруулах чиглэлээр 10 арга хэмжээ Зургаадугаарт агаарын чанарын хяналт шинжилгээг сайжруулах чиглэлээр хоёр арга хэмжээ Долоодугаарт барилга байгууламжийн дулаан алдагдлыг багасгах, ногоон технологи нэвтрүүлэхтэй холбоотой дөрвөн арга хэмжээг багтаж байна. Гэр хороолол 55.6 хувиар агаарын бохирдлыг үүсгэж байна Японы ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага 2022 онд Улаанбаатар хотын агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгааг гаргасан байдаг. Энэ судалгаагаар агаар бохирдуулагч гурван үндсэн эх үүсвэрийг тодорхойлжээ. Үүнд Хөдөлгөөнт эх үүсвэр буюу автомашин 28.9 хувь Гэр хороолол 55.6 хувь Бусад /Усан халаалтын зуух, бага оврын зуух, ДЦС үнсэн сан/ эх үүсвэрээс 15.5 хувиар агаарын бохирдлыг үүсгэж байна. Агаарын чанарын хяналт шинжилгээний сүүлийн хоёр жилийн үзүүлэлтийг харьцуулан харвал дунджаар 30 орчим хувийн бууралт ажиглагдаж байгаа. УИХ-ын 53 дугаар тогтоолоор үүрэг болгосон 2028 оны зорилтот түвшинд хүртэл агаарын бохирдол өмнөх жилүүдээс 50 орчим хувиар буурах прогноз гарч байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан дата мэдээллээс харж болохоор байна. PM2.5 тоосонцор 23 хувиар өссөн 2026 оны есдүгээр сарын агаарын чанарын төлөв байдлыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулж үзвэл: Азотын давхар исэл 14 хувиар Хүхэрлэг хий 37 хувиар PM10 тоосонцор 33 хувиар тус тус буурсан бол PM2.5 тоосонцор 23 хувиар өссөн дүнг цаг уур, орчны шинжилгээний төлөв байдлаас харж болохоор байгаа. Төлөвлөгөөний төслийг бүлэг тус бүрээр ерөнхийлөн танилцуулбал Хууль эрх зүйг шинэчлэх ажлын хүрээнд хууль тогтоомж, стандарт, журамд тавигдах шаардлагыг тодорхой болгож, өнөөгийн хэрэгцээ олон улсын жишиг болон шинжлэх ухаан технологийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэгжилтийн үр нөлөө уялдаа холбоог дээшлүүлэх 12 арга хэмжээнд нийт 105 сая төгрөг ийг улсын төсөв, олон улсын байгууллагын зээл тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Хатуу түлшний хэрэглээг бууруулах ажлын хүрээнд хатуу түлшний хэрэглээ болон түүнээс үүдэлтэй агаарын бохирдлыг үе шаттай бууруулж айл өрх аж ахуй нэгжийн цэвэр түлш, эрчим хүчний үр ашигтай хэрэглээнд шилжүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөх замаар орон сууцжуулах, иргэдийн эрүүл амьдрах орчныг сайжруулахтай холбоотой есөн арга хэмжээнд 4.7 их наяд төгрөг ийг улс, нийслэл болон олон улсын байгууллагын санхүүжилтээр тусгасан байна. Эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд эрчим хүчний хангамжийн найдвартай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, ДЦС, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний үйлдвэрүүдийн бүтцийг төрөлжүүлэн байгаль орчинд ээлтэй, тогтвортой эрчим хүчний системийг бүрдүүлэх 17 арга хэмжээнд 9.8 их наяд төгрөг ийг улс, нийслэлийн төсөв болон олон улсын байгууллагын зээл тусламж, хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн хүлэмжийн хий болон агаар бохирдуулагч бодисын ялгарлыг бууруулж, цахилгаан, хий болон бага ялгаруулалттай тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ замын хөдөлгөөний зохицуулалт, дэд бүтцийг боловсронгуй болгон, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай тээврийн тогтолцоог бүрдүүлэх дөрвөн арга хэмжээг олон улсын зээл тусламж, хувийн хэвшлийн санхүүжилт ээр тусгажээ. Дотоод орчны агаарын чанарт тавих хяналт, мониторингийг сайжруулж, угаарын хийн хордлого болон агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэн урьдчилан сэргийлэх, өрхийн эрүүл мэндийн тандалт, судалгаанд үндэслэн эрсдэлийг бууруулах нийт 10 арга хэмжээнд 132 тэрбум төгрөг ийг улс болон нийслэлийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төр хувийн хэвшлээс санхүүжүүлэхээр тусгасан. Агаарын чанарын хяналт, шинжилгээний хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах нийт хоёр арга хэмжээнд 42.8 тэрбум төгрөг ийг улсын төсөв, олон улсын байгууллагын зээл тусламжаар санхүүжүүлэх Дулаан, ногоон технологийн хүрээнд эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, барилга байгууламжийн дулаан алдагдлыг багасгах замаар эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих нийт дөрвөн арга хэмжээнд 8.3 тэрбум төгрөг ийг улсын төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжаар санхүүжилтээр бүрдүүлэхээр тогтжээ. "Төлөвлөгөө ажлын хэсгийн мөрөөдлийн жагсаалт байх ёсгүй" Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Баттүшиг "Энэхүү агаарын бохирдлыг бууруулах таван жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлсний дараа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаар дахин хэлэлцэнэ. Мөн эрдэмтэн судлаачдынхаа саналыг дахин тусгана. Дээрх төлөвлөгөө батлагдсанаар хот суурин газрын агаарын чанар сайжрах, нийгэм, эдийн засаг болон эрчим хүчний гол асуудлыг шийдвэрлэх чухал үүрэгт үр нөлөөтэй. Тодруулбал агаарын чанарын үзүүлэлт өнөөдрийн суурь түвшнээс зорилтот буюу 2030 он гэхэд 55 орчим хувиар буурна гэж ажлын хэсгээс дүгнэсэн байна. Төлөвлөгөө бол ажлын хэсгийн мөрөөдлийн жагсаалт байх ёсгүй. Шинжлэх ухаанч, судалгаанд суурилсан, бодит практикт тулгуурласан, зохистой туршлагыг нэвтрүүлсэн, эрдэмтэн судлаачдынхаа дүгнэлтийг анхаарсан, иргэний нийгмийн байгууллагын шүүмжлэл шаардлагыг тусгасан, олон улсын мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж саналыг авсан, хэрэгжих боломжтой, зарцуулах төсөвтэй хариуцах эзэнтэй, хамтрах хамтрагчтай, хяналт тавих механизмтай, сайжруулах боломжоор бүрэн хангагдсан, иргэндээ чиглэсэн, эх оронч бодлогын бичиг баримт байх учиртай" хэмээн хэллээ.
