Ц.Ариунбаяр: Хавдар судлалын хоёрдугаар төвийн гадна талбайд 3,000 орчим эмийн ургамал тарилаа
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 15 га газар дээр Хавдар судлалын хоёрдугаар төвийг барихаар болоод буй. Эмнэлгийн гадна талын 6 га талбайг тохижуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 90 хувьд хүрчээ. Энэ тухай Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) тохижилт хог хаягдлын удирдлагын газрын дарга Ц.Ариунбаяр "Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийн гадна тохижилтын ажил 90 гаруй хувьтай байна. 8,500 м.кв талбайд зүлэгжүүлэлт хийж, 5,000 гаруй мод бут сөөг тарилаа. Үүнээс 3,000 гаруй нь тарваган шийр, монос, агч мод зэрэг эмийн гаралтай ургамал. Тохижилтын ажлын хүрээнд 6 га талбайд 3,680 м.кв явган хүний зам тавьж, сандал, хог ангилан ялгах орчин үеийн шийдэл бүхий 76 ширхэг хогийн савыг байрлуулсан. Тохижилтын ажлыг бүрэн дууссаны дараа арчлагч байгууллагад хүлээлгэж өгнө. Харин эмийн гаралтай ургамал болон бут сөөгийг 3 жилийн баталгаат хугацаанд арчлах ТББ-тай хамтарч ажиллах саналыг ЭМЯ-тай тохирно" гэв. Явган хүний гүүр, гэрэлтүүлэг, амрах чулуун тавцан, хүүхдийн тоглоом суурилуулалт, сүүдрэвч, камерын хяналтын систем, тохижилтын талбайг хамгаалсан 440 метр урт үерийн суваг бүхий эмнэлгийн гадна тохижилтыг энэ оны 11 дүгээр сарын 15-нд Улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.
