Малчид бэлчээр, усаа хамгаалж үлдэхийн тулд Нүүдэлчдийн "Улаан шугам" санаачилга боловсруулжээ
Монгол малчид саяхан Армени улсын Ереван хотод болсон Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож, нүүдэлчдийн "Улаан шугам" санаачилгаа танилцуулж, туршлага солилцсон талаараа өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Нүүдэлчдийн "Улаан шугам" санаачилгын тухай Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын малчин н.Нямхүү "Малчдын бэлчээр, ус, өвөлжөө хаваржаа зэргийг уул уурхай, шороон замын тээвэр үгүй хийж байгаа. Бэлчээрээ авч үлдэж, усаа хамгаалахгүй бол малчид тэсэж үлдэхэд бэрх. Зам тавьж, уурхай нээж байгааг шууд эсэргүүцээгүй ч бэлчээр нутгаа хамгаалж үлдэхийн төлөө "Улаан шугам" татаж, түүнээс цааш лиценз олгохгүй байхад уриалж байгаа юм" гэж тайлбарласан. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өмнөговь аймгийн Борзонгийн говь иргэдийн нэгдлийн тэргүүн Ц..Ундармаа "Нүүдэлчдийн "Улаан шугам"-ыг боловсруулахдаа гурван сарын туршид малчидтайгаа уулзаж, санал бодлыг нь сонссон. Зовлон ярих биш зорилттой явъя гэсэн уриатайгаар бид ажилладаг. Борзонгийн говьд дэлхийд нэн ховор хар сүүлт, хулан, эмийн ургамлууд бий. Эдгээрийг хамгаалахын тулд уг хуралд оролцож, өөрийгөө мэдлэгжүүлсэн. Нүүдэлчин малчдын 50 гаруй хувь нь янз бүрийн төслүүдэд шахагдаж, амьжиргаагаа залгуулахад хэцүү болж байна. Иймд зөвхөн говь сайхан нутгаа гэлтгүйгээр малчдаа хамгаалахын тулд үүнээс цааш газар олгохгүй гэсэн "Улаан шугам"-ыг баримтална. Малчид эрхээ хамгаалуулж, үүргээ гүйцэтгэж ажиллах нь чухал байна" гэлээ. Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцсон монгол малчид Армени улсын малчин өрхөд мөн зочилсон байна. Ингэхэд ажиглаж харсан зүйлийнхээ талаар ярихдаа "Армени улс нь гурван сая гаруй хүн амтай бөгөөд 15 хувь нь малчин өрх. Нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан ч сүүлийн 20 гаруй жил хагас суурин болон суурин болжээ. Ингэснээрээ зөвхөн үхэр, адуутай л үлдсэн. Монгол Улс нүүдлийн соёл уламжлал, бэлчээрийн мал аж ахуйгаа хумих тусам бог малгүй болж, эрчимжсэн мал аж ахуйн бод малтай л үлдэх нь. Эрчимжсэн мал аж ахуйд тарилга, химийн бордоотой хоол хүнс өгдөг байна. Ингэснээр хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж дээр асуудал үүсдэг гэдгийг малчид маань харж дүгнэлээ" хэмээв. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Түүнчлэн "НҮБ-ын байгаль орчны талаарх гурван конвенц бий. Уур амьсгалын өөрчлөлтийн, Цөлжилтийг бууруулах, Биологийн олон янз байдлыг хамгаалах гурван конвенц нь малчин хүнд байгалийн орчныг хамгаалах тухай гэдэг нэг л ойлголтоор буудаг. Гэтэл төр засгийн бодлого нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох гээд нэг арга хэмжээ биологийн олон янз байдлыг хамгаалах буюу "Улаан ном"-ын индекс гаргаж, ховордсон, нэн ховордсон амьтдаа "Улаан ном"-д оруулж хамгаалах, улсын тусгай хамгаалалтад оруулахыг хичээх цөлжилтийг бууруулах, ган зуд гээд гурван салаа өөр бодлого яваад байгаа. Уг нь эдгээр нь энгийн малчид, иргэдэд байгалиа хамгаалах гэдэг нэг цогц ойлголт юм. Дэлхий нийтэд эдгээр бодлогын уялдааг хангах, байгаль хамгаалах гурван конвенцыг нэгтгэн хэрэгжүүлэх санаачилга гарч байна. Мөн төр засаг дангаараа бус иргэний нийгмийн байгууллагууд, малчид,иргэд гээд бүх талын оролцоо хангагдаж байж дээрх гурван конвенц хэрэгжиж, дэлхий нийтээрээ зорилгодоо хүрнэ гэж байна. Түүнчлэн шинээр бодлого гаргах биш өмнөх сайн бодлогуудынхаа хэрэгжилтийг сайжруулахад анхаарч байгаа" гэлээ.
