Depository of News

Сахарын цөлөөс олдсон солир 4.1 тэрбум жилийн өмнө Ангараг гараг дээр үүссэнийг тогтоожээ

newsdepo.com · world

2022 онд Мали улсын Сахарын цөлөөс олдсон солир нь дор хаяж 4.1 тэрбум жилийн өмнө Ангараг гарагийн гадаргуугийн давхаргад (царцдаст) үүссэнийг эрдэмтэд тогтоожээ. Энэхүү улаавтар өнгөтэй, галт уулын гаралтай чулуулаг нь дэлхий дээрээс олдсон Ангараг гарагаас гаралтай 435 солирын дотроос хамгийн эртнийх байж болзошгүй гэнэ. "Teghaza 001" гэж нэрлэгдсэн уг солирын найрлага нь Ангараг гарагийн түүхийн эхэн үеийн орчны талаарх мэдээллийг өгч байна. Тухайлбал гадаргуу дээр шингэн ус байсныг нотлох шинэ баримтууд илэрсэн нь эртний Ангараг гараг дээр бичил биетүүд амьдрах боломжтой нөхцөл бүрдсэн байсан гэх таамаглалыг улам бататгажээ. Калифорни муж дахь НАСА-гийн “Jet Propulsion Laboratory” лабораторийн гараг ​​судлаач Ян Лю энэхүү солирыг "Ангараг гараг түүхийнхээ ихэнх хугацаатай харьцуулахад илүү дулаан, чийглэг байсан цаг үеийн гэрч" хэмээн тодорхойлсон байна. "Габбро" хэмээх том ширхэгт бүтэцтэй чулуулгийн төрөлд багтах энэхүү солирын химийн найрлагаас харахад тэрбээр Ангараг гарагийн гадаргуу дээр аажмаар хөрж, талстжих явцдаа устай харилцан үйлчлэлд орж байсан нь тогтоогджээ. Энэ нь Ангараг гарагийн хамгийн гадна давхарга болох царцдасны нэг хэсэг байсан хэдий ч гарагийн илүү гүн хэсгээс гаралтай магмаас үүссэн байна. Өнөөдөр Ангараг гараг хүйтэн, хуурай, эзгүй цөлөрхөг газар мэт харагддаг ч олон тэрбум жилийн өмнө тус гарагийн гадаргуу дээр гол мөрөн, нуур, тэр ч байтугай хойд хагас бөмбөрцөгт нь далай тэнгис хэлбэрээр ус урсаж байсныг нотлох баримтууд хангалттай бий. "Teghaza 001" солир нь Мали улсын Бир Чали тосгоноос ойролцоогоор 34 км зайд орших цөлөөс нийт найман хэсэг болж хагарсан байдалтай олдсон бөгөөд хамгийн том хэсэг нь хүний ​​нударгын хэмжээтэй байжээ. Үүний үндсэн эрдсүүд нь хээрийн жонш (feldspar) болон пироксен (pyroxene) бөгөөд дотроо уран (uranium) элемент агуулсан циркон (zircon) талстуудыг багтаасан байв. Судлаачид уран элемент цаг хугацааны явцад хар тугалга болон задардаг зарчимд суурилсан аргыг ашиглан уг солирын насыг тодорхойлжээ. "Science" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ажлын удирдагч Ян Лю хэлэхдээ "Ангараг гарагаас ирсэн солирууд бол бидэнд байгаа цорын ганц дээж юм. Эдгээр нь Ангараг гарагийн эхэн үеийн бүрэлдэх үйл явц болон дотоод бүтцийн ялгарлыг ойлгох үндэс суурь болдог. Эдгээр солирын дээжээс олж авч болох нарийвчилсан мэдээлэл нь хиймэл дагуул, газардагч төхөөрөмж, өөрөө явагч роботуудыг ашиглан Ангараг гарагийг судалж буй бидний ажлыг нөхөж, баталгаажуулж өгдөг" гэжээ. Энэхүү мэдээлэл нь бас Ангараг гараг болон Дэлхий хоёр үүсэл хөгжлийнхөө эхэн үед, өөрөөр хэлбэл манай гараг дээр амьдрал дөнгөж бий болж эхэлж байх үед хэрхэн өөр өөр замаар хөгжсөн тухай сэжүүрийг өгдөг гэж Лю тайлбарлаж байна. Дэлхий, Ангараг болон нарны аймгийн бусад гарагууд ойролцоогоор 4.5 тэрбум жилийн өмнө үүссэн юм. Ангараг гарагаас ирсэн солируудаас ердөө гурав нь л (үүний дотор "Teghaza 001" багтана) тус гарагийн түүхийн нэн эрт үед хамаардаг. Тэдгээрийн нэгийг 1984 онд Антарктидаас олсон бөгөөд анх 4.5 тэрбум жилийн настай гэж тооцоолж байсан ч, сүүлийн үеийн судалгаагаар "Teghaza 001"-тэй ойролцоо настай болохыг тогтоожээ. Шинэ судалгааны үр дүнгээс үзвэл "Teghaza 001" нөгөөхөөсөө илүү урт настай байж магадгүй байна. Солир доторх хүчилтөрөгч, устөрөгчийн изотопууд нь Дэлхий дээр болдогтой адил ус тус гарагийн царцдасны гүн рүү нэвчиж, мантийн хайлмал чулуулагтай холилдож байсныг харуулжээ. "Teghaza 001" солирын олон баримт нотолгоо 4.1 тэрбум гаруй жилийн өмнө Ангараг гарагийн гадаргуу дээр ус байсныг илтгэж байна. “Үүнийг фосфат дахь устөрөгчийн изотопууд, мөн эрдэс бодис болон нийт дээжээс илэрсэн хүчилтөрөгчийн изотопуудаас харж болно" гэж Лю хэлжээ. Ус бол амьдрал оршин тогтноход зайлшгүй шаардлагатай гол бүрэлдэхүүн хэсэгт тооцогддог. "Эдгээр олдвор нь эрт үеийн Ангараг гараг дээр амьдрал үүсэхэд шаардлагатай нөхцөл, бүрэлдэхүүн хэсгүүд байсан гэх таамаглалыг дэмжиж байгаа боловч тухайн үед Ангараг гараг дээр үнэхээр амьдрал байсан эсэх асуултад шууд хариулт өгөхгүй" гэж НАСА-гийн Эймс судалгааны төв болон Калифорни дахь BAER хүрээлэнгийн гараг судлаач, судалгааг хамтран гүйцэтгэсэн Ли Сапер хэлж байна. Энэхүү солир нь Ангараг гарагийн өмнөд өндөрлөг хэсгээс, магадгүй тус гараг дээрх хамгийн том цохилтын тогоонуудын нэг болох Хеллас сав газрын (Hellas Basin) ойролцоогоос гаралтай байж болзошгүйг Лю тайлбарлажээ. "Энэ нь Ангараг гарагийн гадаргууг ямар нэгэн зүйл мөргөсний улмаас сансар огторгуй руу шидэгдэж, улмаар Дэлхийн замтай огтлолцох хүртлээ сансарт аялсан байна. Дараа нь Дэлхийн агаар мандалд нэвтрэн орж, Сахарын цөл дээр унаснаар бидний олж авсан солир болж үлджээ. Гэхдээ энэ солир Дэлхий дээр хэзээ унасныг бид мэдэхгүй” гэж тэр хэлсэн байна. Эх сурвалж: Reuters

Read full article →