Depository of News

Бутаны иргэд ирээдүйн шинэ хотын суурин дээр нэг өдрийн дотор 108 суварга босгожээ

newsdepo.com · world

Хималайн нуруунд орших Бутаны хаант улс эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх томоохон төслийн хүрээнд тус улсад шинээр байгуулагдаж буй "Ухамсарт амьдрахуйн хот" (Mindfulness City)-ын суурин дээр Ням гарагт 108 суварга босгож, үүнд нь олон арван мянган сайн дурынхан оролцжээ. Тус бүр нь 15 метрийн өндөр эдгээр суваргыг Энэтхэгийн хилтэй ойролцоо, ирээдүйн "Гэлэфү ухамсарт амьдрахуйн хот" (Gelephu Mindfulness City) байрлах газрын голын эрэг дагуу 12 км урт талбайд нэгэн зэрэг босгосон байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр шөнө дунд эхэлсэн уг бүтээн байгуулалтын ажилд 40,000 гаруй сайн дурынхан оролцсон бөгөөд тэд үүнийг "чулуу, шороогоор мөнхжүүлж, бодит хэлбэрт шилжсэн залбирал" хэмээн тодорхойлсон байна. Бутан улсад өргөн дэлгэрсэн Буддын шашинд 108-ыг ариун тоо гэж үздэг. Суваргын бүтээн байгуулалтыг хүлээн авах ёслолд тус улсын хүн амын бараг дөрөвний нэгтэй тэнцэх буюу 200,000 орчим хүн оролцжээ. Бутаны хаан Жигме Хесар Намгьел Вангчук ёслолын үеэр "Нэг өдрийн дотор 108 суварга босгож амжихгүй байх вий гэж миний санаа зовж байсан. Гэвч бүх зүйл амжилттай боллоо, үүнд би үнэхээр талархаж байна” хэмээн хэлсэн байна. Хааны санаачилгаар, Данийн архитекторуудын зураг төслөөр бүтээгдэж буй "Гэлэфү ухамсарт амьдрахуйн хот" нь тус улсын эдийн засгийг тэлж, залуучуудыг эх орондоо үлдэхэд түлхэц болно гэж Бутаны удирдагчид найдаж байгаа юм. Мөн уг хот нь тогтвортой бизнес, ногоон технологи, боловсрол, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт татах зорилготой гэнэ. Бутан улс одоогоор ажилгүйдлийн түвшин өсөх, төрөлт буурах, мэргэшсэн ажиллах хүч олноор гадаад руу цагаачлах зэрэг эдийн засгийн томоохон сорилтуудтай нүүр тулаад буй. Одоогоор 10,000 орчим хүн оршин суудаг жижиг хот болох Гэлэфү нь Бутаны өмнөд хэсэгт, Энэтхэгийн хилтэй залгаа, нийслэл Тхимпху хотоос өмнө зүгт 240 км зайд оршдог. Хаан 2024 онд гаргасан зарлигаараа энд тусгай бүсийг байгуулсан бөгөөд зорилго нь "эдийн засгийн эрч хүчтэй төв бий болгох" явдал ажээ. Хятад, Энэтхэг хоёр улсын дунд оршдог, далайд гарцгүй, 800 мянга хүрэхгүй хүн амтай Хималайн энэ улс нь эдийн засгийн өсөлтөөс гадна “нийт үндэстний аз жаргал"-ыг чухалчилдаг бодлогоороо алдартай. Шинэ хот байгуулах алсын хараагаа бодит ажил болгоход Бутан улс хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадах эсэхэд шинжээчид эргэлзэж байна. Гэвч боомтоос эхлээд эрчим хүчний салбар хүртэлх олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг Энэтхэгийн тэрбумтан Гаутам Адани нэгдүгээр сард уг төсөлд үүсгэн байгуулагч гишүүний хувиар нэгдсэн юм. Тус хот баригдах газар нь хөрш зэргэлдээ Ассам мужаар дамжуулан Энэтхэгийн төмөр замын сүлжээтэй холбогдох бөгөөд 2029 онд олон улсын нисэх онгоцны буудал нээхээр төлөвлөжээ. Түүнчлэн энэхүү төсөл нь Бутан улсын криптовалюттай холбоотой зорилтуудтай ч уялдаатай юм. Тус хаант улс нь усан цахилгаан станцын илүүдэл эрчим хүчийг ашиглан Биткойн олборлодог бөгөөд хотын бүтээн байгуулалтыг дэмжихэд дижитал хөрөнгийг ашиглахаа мэдэгдээд байгаа юм. Эх сурвалж: AFP

Read full article →