Binance биржийн халдлагын ард Умард Солонгос байгаа бол АНУ тус улстай ярилцахад бэлэн байгааг Трамп мэдэгдэв
Хэрвээ дэлхийн хамгийн том криптовалютын бирж Binance-аас $6 тэрбум гаруйг хулгайлсан кибер халдлагад Умард Солонгос холбоотой болох нь тогтоогдвол АНУ тус улстай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ. АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо аравдугаар сарын 29-ний өдөр Binance биржээс виртуал хөрөнгө хулгайлсан энэ хэрэгт Умард Солонгосыг буруутгасны дараа Флорида мужийн Палм Бич дэх хувийн эдлэнгээсээ Трамп уг мэдэгдлийг хийсэн байна. "Би үүнд санаа зовохгүй байна. Бид энэ талаар судалж байгаа. Энэ нь Умард Солонгостой холбоотой эсэхийг бид одоогоор хэлж мэдэхгүй ч хэрэв тийм бол бид тэдэнтэй энэ талаар ярилцах болно" гэж Трамп хэлжээ. Холбооны Мөрдөх Товчооноос гаргасан кибер аюулгүй байдлын сэрэмжлүүлэгт Умард Солонгосын энэхүү ажиллагааг "TraderTraitor" гэж нэрлэсэн байна. Энэ нэр өмнө нь тус улсын хакеруудын үйлдсэн криптовалютын хулгайн хэргүүдтэй холбогдож байжээ. Хакерууд хулгайлсан дижитал хөрөнгөө голчлон Ethereum хэмээх томоохон криптовалют руу хөрвүүлж байгааг тус байгууллага АНУ-ын Нууц Алба (U.S. Secret Service) болон Татварын Албаны (IRS) эрүүгийн мөрдөн байцаах хэлтэстэй хамтран илрүүлсэн гэнэ. АНУ-ын дээрх гурван байгууллага криптовалютын биржүүд, блокчэйн операторууд болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бусад байгууллагуудад хандан Умард Солонгосын хакеруудын хөрөнгө угаахад ашиглаж буй дижитал хэтэвчний хаягуудтай холбоотой гүйлгээг хаахыг уриалжээ. Холбооны Мөрдөх Товчооны энэхүү дүгнэлт нь АНУ-ын блокчэйн тандалтын "TRM Labs" компанийн дүгнэлттэй давхцаж байна. Тус компани өмнө нь Binance биржээс хулгайлагдсан гэх $6.36 тэрбумын хэргийг "TraderTraitor"-той холбон тайлбарлаж байсан юм. Трампын сүүлийн мэдэгдэл нь түүний Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай дипломат яриа хэлэлцээгээ дахин сэргээхийг чармайж буй цаг үетэй давхцаж байна. Трамп ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийнхээ хугацаанд Ким Жон Унтай гурван удаа уулзаж байсан билээ. Гэхдээ одоохондоо тэдний дараагийн уулзалт хэзээ, хаана болох, ер нь ийм уулзалт болох эсэх тодорхойгүй байна. Эх сурвалж: Yonhap News
