Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, бурхан болоочдын чандар шүтээнийг Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залжээ
Буяны үйлчилгээ эрхлэгч Нью Семетри болон Улаанбаатар буян компаниуд хамтран төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишиг тогтоосон Самбалхүндэв буюу Далан давхрын хаалттай оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр амжилттай хэрэгжүүлж, өнөөг хүртэл цэцэрлэгт хүрээлэнгийн арчлалт, хамгаалалтыг хариуцан ажиллаж байна. Бурхан болоочдын дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, ар гэр, төрөл төрөгсөд нь эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх тайван тохилог орчин бүрдүүлэх зорилготой энэхүү төслийг 2022 онд эхлүүлсэн бөгөөд төслийн эхний үе шатанд оршуулгын газрын 10 га талбай дахь шарилыг нүүлгэн шилжүүлж, 2023 онд 14,323 бурхан болоочдын чандар шүтээнийг ар гэрийнхний оролцоотой, шашны зан үйлийг гүйцэтгэж Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөнд болон суваргад залж мөнхжүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын хүрээнд дурсгал хүндэтгэлийн хэсгүүд, явган зам, иргэдийн амрах суух талбай, гэрэлтүүлгийг тохижуулж, голт бор, гүйлс, далан хальс, шар хуайс, монос зэрэг мод, бут тарьсан. Ийнхүү хуучин оршуулгын газрын хэсгийг бурхан болоочдын дурсгалыг хадгалсан, иргэдийн эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх ногоон орчин болгон өөрчилсөн юм. Улмаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэл хотод хуучин, хаагдсан оршуулгын газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнөөгийн байдлыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлж байгаа ба 2025 онд Самбалхүндэвийн оршуулгын газар дахь булш, бунхны бүртгэл, тооллогын ажлыг хийж гүйцэтгэн ubcemetery.gov.mn цахим мэдээллийн сан үүсгэсэн бөгөөд цаашид бусад хаагдсан, хуучны оршуулгын газрын булш, бунхныг бүртгэл, тооллогыг хийж байна. Тооллогоор 63 га талбайд нийт 65,000 булш, бунхан тоологдсоноос 70 орчим хувь нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байсан ба булш, бунхны гадна байдлыг фото зургаар баримтжуулж, нээлттэй мэдээллийн цахим санг үүсгэсэн нь хуучин оршуулгын газраас өөрийн эрхэм хүний булш, бунхныг эрх хайхтай холбоотой иргэдэд учирч буй олон хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх боломж бүрдүүлсэн байна. Энэ онд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил үргэлжилж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан 8.5 га талбай дахь шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар буян” ХХК шалгарч наймдугаар сард хурал номын айлдвараар эхлүүлж байсан боловч салбарын оролцогчдын шүүхийн маргаантай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар зогссон байдаг. Улаанбаатар буян компанийн хувьд үйл ажиллагаа түр зогсох хүртэл 2 га талбай дахь 1,601 бурхан болоочийн шарилыг нүүлгэн шилжүүлж чандарласан бөгөөд эдгээр чандар шүтээнийг Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөнд болон суварганд залах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Тус арга хэмжээний хүрээнд бурхан болоочид болон ар гэрт зориулж буяны ном хурж, чандар шүтээнийг ар гэрийн оролцоотой, төрийн холбогдох байгууллагын хяналт дор чандар шүтээнийг хөрсөнд болон суварганд залсан байна. Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн нь бурхан бологсдодоо үзүүлж байгаа хүндэтгэл төдийгүй ар гэрийн хувьд тавтай, тухтай орчинд хайртай дотнын хүнээ дурсах, хүндэтгэх нөхцөлийг бүрдүүлсэн, нийслэл хотдоо нэг өнгө, утга нэмсэн бүтээн байгуулалт төдийгүй хуучин оршуулгын газрын дахин төлөвлөлтийн сайн жишиг болсон билээ.
