Этиоп улсын ерөнхий сайд танхимын сайд, дарга нараа цэргийн бэлтгэл сургуулилалтад хамруулав
Зүүн Африкийн Этиоп улсын ерөнхий сайд Абий Ахмед засгийн газрын сайд нар болон бусад өндөр албан тушаалтнуудыг цэргийн бэлтгэл сургуулилалтад хамруулж, зэвсэгт хүчний сахилга бат нь илүү хүчирхэг удирдагчдыг төлөвшүүлж, улс орны хөгжлийг урагшлуулахад тусална гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Түүний сошиал сүлжээнд хуваалцсан гэрэл зургууд Хурсо цэргийн сургалтын төвд тэр сайд, дэд сайд, засгийн газрын бусад байгууллагуудын дарга нарын хамт цэргийн сургуулилалтад оролцож байгааг харуулсан байна. Энэхүү алхам нь Этиопт ер бусын ховор үзэгдэл бөгөөд иргэний засгийн газрын өндөр албан тушаалтнууд цэргийн сургалтад хамрагдсан анхны тохиолдолд тооцогдож байгаа юм. Оролцож буй хүмүүсийн дунд парламентын дарга Муфериат Камил, сангийн сайд Фицум Ассефа, эрүүл мэндийн сайд Мекдес Даба нар багтжээ. Сургалт хэзээ эхэлсэн, хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Ерөнхий сайд Абий тус улс хөгжил цэцэглэлтэд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байхын тулд удирдагчид нь бие бялдрын хувьд эрүүл, ёс суртахууны хувьд хүчирхэг, оюуны өндөр чадвартай байх шаардлагатайг сошиал хуудсаараа мэдэгджээ. Тэрбээр цэргийн байгууллагууд нь сайд, дарга нарт сахилга бат, эх оронч үзэл, багийн ажиллагаа, хариуцлага, манлайллын талаар үнэ цэнтэй сургамж өгсөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. "Цэргүүд болон энгийн иргэдийн аль аль нь зорилготой байдаг. Хоёулынх нь зорилго бол ялалт юм" гэж тэр хэлээд цэргийн болон энгийн иргэдийн сахилга батыг хослуулсан, аль ч зорилгоо биелүүлэх чадвартай үеийг бий болгохын төлөө ажиллахаа амлажээ. Энэхүү сургалт нь Этиоп улс Тиграй мужийн хойд хэсэгт үргэлжилж буй тулаан, Амхара дахь мөргөлдөөн, Оромиа дахь тогтворгүй байдал зэрэг аюулгүй байдлын олон сорилттой тулгарч байгаа үед тохиож байна. Мөн хөрш зэргэлдээ Эритрей улстай хурцадмал байдал нэмэгдэж, хоёр улсын хооронд дахин мөргөлдөөн гарах магадлал өсөн нэмэгдэж буй үед болж байгаа юм. Абий өмнө нь цэргийн бэлэн байдал, үндэсний хөгжлийг засгийн газрынхаа хүсэл эрмэлзлийн гол цөм хэмээн нэрлэж байжээ. Эх сурвалж: BBC
