АНУ-ын тэргүүн хатагтайн зуучилсан хүмүүнлэгийн ажиллагааны үр дүнд Олешки хотын оршин суугчид Украинд ирж эхэлжээ
Олон жил дайны хөлд нэрвэгдэж, Оросын хяналтад байгаа Олешки хотын оршин суугчид Бямба гарагт Украин улсад ирж эхэлжээ. Тэднийг АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын зуучлалаар тогтоосон гал зогсоох ховор тохиролцооны хүрээнд Беларусь улсаар дамжуулан нүүлгэн шилжүүлж байгаа юм. Ерөнхийлөгч Володимир Зеленский "Одоогийн байдлаар Олешки хотын оршин суугч Украины иргэд Чернигов мужаар дамжин хилээр нэвтэрч эхлээд байна. Тэд бүгд шаардлагатай тусламжийг авах болно" гэж мэдэгдээд гал зогсооход зуучилсан АНУ болон тус улсын тэргүүн хатагтайд талархал илэрхийлжээ. Украины албаны хүмүүс нүүж ирсэн иргэдийг "Та нар ганцаараа биш", "Бид та нарыг сэтгэл зүрхээрээ тэврэн авч байна" гэсэн бичигтэй зурагт хуудас барин угтаж авсан байна. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өлсгөлөнд нэрвэгдэж, туйлдаж ядарсан оршин суугчдыг дайсагнагч талуудын хамтарсан хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд нүүлгэн шилжүүлсэн юм. Автобуснаас бууж ирсэн нэгэн настай эмэгтэй "Бид тамаас зугтаж ирлээ" хэмээн хэлжээ. Түүнийг Украины үндэсний далбаа болох хөх, шар өнгийн тугаар биеэ ороосон нэг эмэгтэй угтан авсан бөгөөд хоёулаа тэврэлдэн нулимс унагаж байв. Украины хүний эрхийн асуудал эрхэлсэн комиссар Дмитро Лубинец нүүж ирсэн иргэдийн хамгийн ахмад нь 94 настай, харин хамгийн бага нь нэг нас дөнгөж гарсан хүүхэд байгааг мэдэгджээ. Гэвч тэр нүүж ирсэн хүмүүсийн тоог нарийн хэлээгүй юм. Нүүлгэн шилжүүлэгдсэн иргэдийг Оросын тал эхлээд Беларусь улсад хүргэсэн бөгөөд дараа нь Украины хилээр нэвтрүүлжээ. Энэ нь 2022 оны хоёрдугаар сард Орос улс Украины нутаг дэвсгэрт халдан довтолсноос хойших хамгийн том гал зогсоох тохиролцооны хүрээнд хэрэгжсэн аврах ажиллагаа байлаа. Украины өмнөд хэсэгт орших Херсон мужид хэсэгчлэн тогтоосон гал зогсоох тохиролцоо Мягмар гарагийн өглөөний 03:00 цагт эхэлсэн бөгөөд Ням гарагийн орой хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Украины хууль тогтоогч Давид Арахамиягийн мэдээлснээр нүүлгэн шилжүүлэгдсэн иргэдийг тээвэрлэсэн дөрвөн онгоц Беларусьт газардсаны дараа зорчигчид "хэдхэн цагийн дотор" Украины нутаг дэвсгэрт иржээ. Украин-Беларусийн хил дээр иргэдийн төрөл төрөгсөд хүлээж байсан бөгөөд тэнд тусламжийн майхнууд, кофе түгээх цэгүүд, тэр ч байтугай нүүлгэн шилжүүлэгдсэн хүмүүсийн авчирсан гэрийн тэжээвэр амьтдад зориулсан хоол хүнс хүртэл бэлтгэгдсэн байв. Мөн Улаан Загалмайн Нийгэмлэг, Хил Хязгааргүй Эмч Нар, Дэлхийн Төв Гал тогоо байгууллагуудын сайн дурын ажилтнууд хүлээж байжээ. Беларусийн Белта агентлагийн мэдээлснээр нүүлгэн шилжүүлэгдсэн хүмүүс эхлээд автобусаар Крымийн хойгоор дамжин Оросын Анапа хотод очиж, тэндээсээ онгоцоор Беларусь руу ниссэн байна. Оросын батлан хамгаалах яамны мэдээлснээр эдгээр хүмүүсийг Оросын цэргийн онгоцоор Беларусь руу тээвэрлэсэн бөгөөд тэднийг Украины хүний эрхийн асуудал эрхэлсэн комиссар дагалдан явжээ. Олешки хотоос хэчнээн хүн аврагдсан талаарх тодорхой тоо баримт одоогоор гараагүй байна. Орос улсын хууль бусаар өөртөө нэгтгэсэн Херсон мужийн хэсэгт орших тус хотоос 200 гаруй оршин суугч Украин руу явах замыг сонгосон талаар мэдээлжээ. Өөр олон арван хүн Оросын хяналтад байгаа газар нутаг руу явахаар шийдсэн байна. Орос болон Украины талуудын мэдээлж буйгаар олон сарын турш хоол хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн ноцтой хомсдолд орж, сүйрсэн хотоос оршин суугчид явах эсвэл үлдэх сонголтыг хийх боломжтой байжээ. Хотод үлдсэн гэж тооцоолж буй 2,000 орчим оршин суугчдад Украин эсвэл Оросын хяналтад байгаа газар нутаг руу явах, эсвэл хүнс, эмнэлгийн хангамж аваад хотдоо үлдэх сонголтыг санал болгосон байна. Дайн эхлэхээс өмнө Олешки хот 24,000 орчим оршин суугчтай байжээ. Оросын цэргүүд энд олон тооны мина, танк эсэргүүцэх саад тотгорууд байрлуулсны улмаас тус хот гадаад ертөнцөөс бүрэн таслагдсан байна. Лубинец болон Орос хүний эрхийн комиссар Яна Лантратова нар Баасан гарагт Олешки хотод очиж, нүүлгэн шилжүүлэх үйл явцыг биечлэн хянажээ. Тэд фронтын шугамд ойр хотуудад хүнд байдалд байгаа хүмүүст туслах зорилгоор цаашид хүмүүнлэгийн ажиллагаа явуулах боломжийн талаар хэлэлцсэн байна. Үүнээс гадна Бямба гарагт Украины ерөнхийлөгч Зеленский 500 ширхэг PAC-3 Patriot пуужин худалдан авахыг зөвшөөрсөн АНУ-ын засаг захиргаанд талархал илэрхийлжээ. Гэвч тэрбээр АНУ-ын зөвшөөрсөн эдгээр зэвсгүүдийг нийлүүлэхэд олон жил шаардагдаж болзошгүйг анхааруулж, одоо бэлэн байгаа нөөцөөсөө нийлүүлэхийг түншүүддээ уриалсан байна. "Оросууд яг одоо манай эрчим хүчний дэд бүтцэд өдөр бүр халдсаар байна. Зөвхөн аравдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд манай эрчим хүчний систем Оросын 30 гаруй цохилтод өртөөд байгаа. Орос улс өдөр бүр энгийн иргэдийн дэд бүтцэд довтолж байгааг дэлхий харж байна. Оросын энэхүү түрэмгийлэл цаашдаа Европ тивд улам бүр газар авахаас сэргийлэхийг хүсэж буй хүн бүр Украинд туслах ёстой” гэж тэр мэдэгджээ. Эх сурвалж: Reuters
