Бразилаас Болсонаруг оргуулахад ямар үүрэгтэй оролцсоноо тайлбарлахыг АНУ, Аргентины эрх баригчдаас шаардаж эхлэв
Ням гарагт Бразилд болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан баруун жигүүрийн нэр дэвшигч, сенатор Флавио Болсонару эх орноосоо нууцаар АНУ руу дүрвэсэн нь дэлхий нийтийг шуугиулсан үйл явдал байлаа. Тэрбээр Дээд Шүүхийн шийдвэрийн дагуу гадаад паспортуудаа хураалгахаар болоод байхдаа ийнхүү оргосон юм. Уг ажиллагаанд АНУ болон хөрш Аргентины эрх баригчид оролцсон нь тодорхой болсон. Тиймээс дээрх улсуудын ерөнхийлөгч нар болох Дональд Трамп, Хавьер Милей нар уг үйл явдалд ямар үүрэг гүйцэтгэснээ тайлбарлах дотоодын дарамт шахалттай тулгарч эхэлжээ. Бразилын 45 настай сенатор Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвад ялагдсанаасаа хойш хоёр хоногийн дараа эх орноосоо зугтсан юм. "Хавчлага миний төсөөлж байснаас ч эрт эхэлсэн" гэж сенатор Баасан гарагт Инстаграм сүлжээнд шууд дамжуулсан мэдэгдлийнхээ үеэр хэлжээ. Тэрбээр мөнгө угаасан хэрэгт холбогдуулан явуулж буй мөрдөн байцаалтын хүрээнд гадаад паспортуудаа хүчингүй болгуулсан тул эх орноосоо явахаар шийдсэн тухайгаа тайлбарласан байна. Гэрийн хорионд байгаа эцэг, ерөнхийлөгч асан Жаир Болсонарутой уулзаад гарч ирэх үед нь цагдаа нар түүний гадаад паспортуудыг хүчингүй болгосон талаар мэдэгдсэнийг тэр хэлжээ. Тэрбээр эцгийнхээ талаар ярихдаа "Аав минь нүдэндээ нулимстайгаар надад 'Тэд үүгээрээ юу хийх гээд байгааг чи мэдэж байгаа биз дээ?' гэж хэлсэн" гэсэн юм. "Би түүнд 'Аав аа, би мэдэж байна... Одоо би юу хийх ёстойгоо ойлголоо' гэж хариулсан" хэмээн Болсонару дурссан байна. Тэрбээр эх орноосоо хэрхэн гарсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч “эхнэр бид хоёр хэнд ч мэдэгдэлгүйгээр" шийдвэр гаргасан гэж хэлээд хүмүүст "хэн нэгэн рүү хуруугаараа чичилж буруутгахгүй" байхыг уриалжээ. Хэдийгээр гадаад паспортоо хураалгах тушаал авсан байсан ч тэр нууц замаар эх орноосоо гарч, Аргентин, Эквадороор дамжин Лхагва гарагт Флоридад газардсан юм. Тэнд очмогцоо өөрийгөө Бразилын хууль ёсны "удирдагч" хэмээн зарлажээ. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Болсонару сонгуулийн эхний шатанд ялж, ялалт байгуулах магадлал өндөртэйд тооцогдож байсан ч хоёр дахь шатанд ялагдал хүлээсэн нь олон нийтэд гэнэтийн цохилт болсон бөгөөд тэрбээр ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм. Аргентины цагаачлалын албаны мэдээлснээр Болсонару хуурай замаар Аргентинд нэвтэрснээсээ хойш 40 минутын дараа буюу Мягмар гарагийн орой тус улсын зүүн хойд хэсэгт орших Пуэрто Игуасу хотоос хувийн онгоцонд суусан байна. Нислэгийн баримт бичгээс үзвэл Бразилын энгийн болон дипломат паспорт нь хүчингүй болсон байсан тэр Италийн паспортоо ашиглан хувийн онгоцонд суужээ. Нэрээ нууцлахыг хүссэн дипломат эх сурвалжийн мэдээлснээр Пүрэв гарагт Бразилын тал Аргентины дипломат төлөөлөгчийг "тайлбар өгүүлэх" зорилгоор "ердийн уулзалт"-д дуудсан байна. Ерөнхийлөгч Лулаг "хулгайч", "авлигач" хэмээн удаа дараа доромжилсон Хавьер Милейн үйлдлүүдийн улмаас Бразил улс наймдугаар сард Буэнос-Айрес дахь элчин сайдаа эгүүлэн татаж, дипломат харилцааныхаа түвшнийг бууруулсан юм. Аргентины гадаад хэргийн яамны албаны хүн Баасан гарагт мэдэгдэхдээ Болсонаруг эх орноосоо дүрвэхэд Аргентин ямар үүрэг гүйцэтгэсэн талаар тайлбар өгөхийг Бразил улс хүссэнийг үгүйсгэжээ. "ХУДАЛ. Мэдээлэл авах ямар ч хүсэлт ирээгүй" гэж уг эх сурвалж сошиал сүлжээнд бичсэн байна. Гэвч Болсонару эх орноосоо гарсныхаа дараах анхны мэдэгдэлдээ Милей болон Трамп нарт талархал илэрхийлж байв. Лулагийн сонгуульд ялсан ялалтыг Милей хүлээн зөвшөөрөөгүй бол Трамп уг сонгуулийг "ичгүүртэй", "маш хачирхалтай" үйл явдал хэмээн нэрлэсэн юм. Гэсэн хэдий ч Лулагийн ялалтыг улс төрийн янз бүрийн үзэл баримтлалтай дэлхийн удирдагчид, Бразилын сонгуулийн шүүх, Конгресст олонх болсон Болсонаругийн өөрийнх нь нам болон баруун жигүүрийн бусад холбоотнууд нь хүлээн зөвшөөрөөд байгаа. АНУ-ын Ардчилсан Намын хууль тогтоогчид төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод захидал илгээж, Болсонаруг эх орноосоо дүрвэхэд төрийн департамент ямар үүрэг гүйцэтгэсэн талаар "нэн даруй тайлбар өгөхийг" шаарджээ. Болсонаруг тээвэрлэсэн "Baires Fly" агаарын тээврийн компанийн тэргүүн Луис Гранде өөрсдийг нь "АНУ-д амьдардаг" нэгэн зуучлагч хөлсөлсөн гэж Пүрэв гарагт мэдэгдсэн байна. The New York Times, The Wall Street Journal зэрэг АНУ-ын зарим хэвлэлүүд Болсонаругийн онгоцны захиалагч нь Трампын зөвлөх Жэйсон Миллер байсныг мэдээлжээ. Хэт барууны үзэлтэй удирдагч асан Жаир Болсонаругийн хүү болох Флавио Болсонару гадаадад амьдарч, тэндээсээ сөрөг хүчнийг удирдахаа мэдэгдсэнийхээ дараа эх орондоо ганцаардаж, олны доог тохуу болоод байна. Флавиог эх орноо орхин явснаар барууны хүчнийг хэн удирдах вэ, мөн Болсонаругийн хөдөлгөөний ирээдүй юу болох вэ гэдэг асуулт нэн даруй олны анхаарлын төвд орсон юм. 71 настай Жаир Болсонару 2022 оны сонгуульд Лулад ялагдсаныхаа дараа төрийн эрхийг булаахаар төлөвлөсөн хэргээр шүүхээс 27 жилийн хорих ял сонсож, одоо гэрийн хорионд байгаа. Саяхан сенатороор сонгогдсон түүний эхнэр Мишель Болсонару нөхрийгөө "бидний удирдагч" хэмээн Баасан гарагт сошиал хуудсаараа мэдэгдсэн байна. "Бид хүнд хэцүү цаг үеийг туулж байна. Бид эргэцүүлэн бодсоныхоо дараа л үйлдэл хийх хэрэгтэй. Миний нөхөр энэ цаг үе бол буруутгах хүн хайх биш, харин эв нэгдэлтэй байх цаг гэдгийг онцолж байна" гэж тэр бичжээ. Эх сурвалж: AFP
