Depository of News

Москвад олон хүний амь нас хохирох эрсдэлтэй үйл явдал тохиолдож болзошгүйг АНУ-ын элчин сайдын яам анхааруулжээ

newsdepo.com · world

Бямба гарагт Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам Оросын нийслэлд олон хүний ​​амь нас хохирох эрсдэлтэй үйл явдал тохиолдож болзошгүйг анхааруулсан шуурхай мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Москва дахь АНУ-ын элчин сайдын яам өнөөдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр Москва хотын Царицыно музей-цогцолборт (хаяг: ОХУ, Москва, Дольская гудамж 1) олон хүний ​​амь нас хохирох эрсдэлтэй үйл явдал болох магадлалтай, ноцтой аюул заналхийлэл байгаа тухай мэдээлэл хүлээн авлаа. АНУ-ын засгийн газар үүнтэй холбогдуулан Оросын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна" гэжээ. Мөн тус мэдэгдэлд иргэдийг уг бүсээс хол байж, хувийн аюулгүй байдлаа хангах арга хэмжээ авахыг анхааруулсан байна. Бямба гарагийн сүүлээр төрийн мэдээллийн хэрэгслүүд ОХУ-ын Холбооны Аюулаас Хамгаалах Алба (ФСБ) болзошгүй террорист халдлагын талаарх мэдээллийг АНУ-аас хүлээн авсан тухай мэдээлсэн юм. ФСБ-аас төрийн хэвлэлд өгсөн мэдээлэлдээ "Бид Москвад террорист халдлага үйлдэх төлөвлөгөө байгаа тухай АНУ-ын түншүүдээс мэдээлэл хүлээн авсан. Бид холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна" гэжээ. Бямба гарагт хөгжимчин Лилия Печенкинаг концертоо тоглож байх үед Царицыно цогцолбороос хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна. Печенкина "Осторожно, Новости!" хэвлэлд "Би хөтөлбөрийнхөө сүүлийн аяыг тоглож байтал чанга яригчаар хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх тухай зарлал сонсогдсон" гэж ярьжээ. Хамгаалалтын ажилтнууд Царицыно музей-цогцолборыг "техникийн шалтгаанаар" хаасан тухай тус хэвлэл бас мэдээлсэн байна. Оросын аюулгүй байдлын албадтай холбоотой гэгддэг "Baza" Telegram сувгийн мэдээлснээр тус бүс рүү хууль сахиулах байгууллагын 50 орчим ажилтныг илгээж, цагдаагийн машинууд бүсэлсэн байгаа гэнэ. 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Крокус Сити Холлд болсон халдлагын өмнө АНУ-аас бас Москвад террорист халдлага болох эрсдэлтэй талаар анхааруулга өгч байсан юм. Тус халдлагын улмаас 145 хүн амиа алдаж, олон зуун хүн шархадсан билээ. Тухайн үед Оросын тагнуулын албаны дарга Сергей Нарышкин уг мэдээллийг "хэт ерөнхий" байсан гэж мэдэгдэж байв. “Холбооны аюулаас хамгаалах алба (ФСБ) АНУ-ын тагнуулын албадаас ийм зүйл тохиолдох боломжтой гэсэн мэдээлэл хүлээн авсан. Гэвч хамтрагчдын маань хэлснээр уг мэдээлэл нь хэт ерөнхий байсан тул энэхүү аймшигт гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг урьдчилан илрүүлэх боломж олдоогүй” гэж тэр хэлж байжээ. Эх сурвалж: The Moscow Times

Read full article →