Нэрт хөрөнгө оруулагч Уоррен Баффет сүүлийн 50 жил ус уугаагүйгээ ярьж байжээ
Домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффет 1970-аад оны үеэс хойш нэг ч аяга ус уугаагүй гэнэ. Энэ тухай 96 настай бизнесмэн нэг удаа тэрбумтан Билл Акманд ярьж байсныг тэр энэ долоо хоногт цацагдсан "Equity Mates Investing" подкастын дугаарт оролцохдоо дурсжээ. Хувийн хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Акманы хэлснээр хэдэн жилийн өмнө Баффет түүний гэрт оройн зоогт уригдаж байсан байна. Энэ үеэр тэр домогт хөрөнгө оруулагчийн хамгийн дуртай ундаа болох "Cherry Coke" (интоорын амттай Кока-Кола)-г бэлдээд байжээ. Акман зоогийн ширээний ард суухдаа Баффетаас энгийн ус уух уу, эсвэл хийжүүлсэн ус уух уу гэж асуусан байна. Баффет эелдгээр татгалзаж, харин өөрийн дуртай ундааг сонгосон гэнэ. "Би түүнээс 'Та ус уудаггүй юм уу?' гэж асуусан. Гэтэл тэр 'Билл, би 48 жилийн турш ус уугаагүй' гэж хариулсан” хэмээн Акман дурсжээ. Ус уудаггүй нь итгэмээргүй сонсогдож болох ч өнгөрсөн арванхоёрдугаар сард Berkshire Hathaway компанийг 60 жил удирдсаны эцэст гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа бууж, өнгөрсөн есдүгээр сард төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалаа хүлээлгэн өгсөн Баффет өдөрт таван лааз Кока-Кола уудгаараа алдартай хүн юм. Тэрбээр 2015 онд өөрийн биеийн "дөрөвний нэг хэсэг нь Кока-Кола" хэмээн хошигнон хэлсэн бөгөөд түүний өдөр тутмын илчлэгийн 25 хувийг уг ундаа эзэлдэг болохыг ингэж илэрхийлж байжээ. Баффетын хийжүүлсэн ундаанд дурлах зуршил олон арван жилийн түүхтэй. 1986 онд болсон Berkshire компанийн хурал дээр тэр Pepsi-д 48 жилийн турш "үнэнч" байсны эцэст одоо "Cherry Coke"-ийг сонгож байгаагаа зарлаж, цаашид үүнийг тус хурлын албан ёсны ундаа болгосноо мэдэгдэж байв. Түүнчлэн Coca-Cola бол Баффетын хийсэн хамгийн чухал хөрөнгө оруулалтуудын нэг юм. Berkshire компани 1990-ээд оны дунд үед энэхүү ундааны аварга компанийн хувьцааны 9 орчим хувийг эзэмших болсноосоо хойш уг хөрөнгө оруулалтаа огт хөндөөгүй байгаа. Тухайн үед ойролцоогоор $1.3 тэрбумаар худалдаж авсан энэхүү хөрөнгө оруулалтын үнэ цэн арванхоёрдугаар сарын сүүлчийн байдлаар $28 тэрбумд хүрсэн нь бараг 21 дахин өссөн үзүүлэлт юм. Баффет ажилдаа явах замдаа Макдоналдсаас өглөөний цай авч идэх, мөн хот-дог, шарсан төмс, попкорн, жигнэмэг, чихэр, зайрмаг болон бусад дуртай амттан, хөнгөн зуушаар хооллох зуршилтай гэдгээрээ алдартай. Түүний түргэн хоол, амттан идэх дур сонирхол хөрөнгө оруулалтынх нь чиглэлд ч тусгалаа олсон байдаг. Тухайлбал, Berkshire компанийн охин компаниудын дунд "See's Candies", "Dairy Queen" зэрэг брэндүүд байдаг бол "Kraft Heinz" компанийн эзэмшил нь тэдний эзэмшиж буй хамгийн том хувьцаануудын нэг юм. Хүүхдийнх шиг хоолны сонголт нь түүнд зарим асуудал, хөгтэй явдлуудыг авчирч байсан түүхтэй. Үүний нэг жишээ нь Токиод болсон, түүний хувьд тун таагүй төгссөн сушины оройн зоог байв. 1995 онд Билл Гейтс болон түүний тухайн үеийн эхнэр Мелинда нар хөрөнгө оруулагч найзтайгаа хамт Хятад улсаар 17 хоног аялахдаа Баффетыг өлсгөхгүйн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байжээ. Тэд буудлынхаа тогооч нарт хамбургер, шарсан төмс хэрхэн бэлтгэхийг урьдчилж заалгуулсан төдийгүй, Цагаан хэрэмд авирах үедээ Баффетэд зориулан хэрмийн орой дээр "Cherry Coke" бэлдүүлэн тавьж байсан гэдэг.. Эх сурвалж: Business Insider
