Цаазын ажиллагаанаас амьд үлдсэн Криста Пайк анхны мэдэгдэлдээ албаны хүмүүсийн “чадваргүй” байдлыг хурцаар шүүмжлэв
Теннесси мужид үхлийн тарилгаар гүйцэтгэсэн цаазаар авах ажиллагаа нь бүтэлгүйтсэнээс хойш нэг сарын дараа ялтан Криста Пайк анх удаа олон нийтэд хандан мэдэгдэл гаргажээ. Баасан гарагт тэрбээр одоогоор бие нь байнга өвдөж, ярихад хүндрэлтэй хэвээр байгааг мэдэгдсэн байна. Пайк энэ явдлыг холбогдох албан тушаалтнуудын "чадваргүй байдал"-тай холбон тайлбарлажээ. Тэрбээр цаазын ажиллагааны дараа үргэлжлүүлэн амьдрах тухай хэзээ ч төсөөлж байгаагүй бөгөөд тайвнаар үхэхэд бэлэн байсан хэдий ч эмнэлгийн орон дээр ганцаараа, юу болсныг ойлгохгүй сэрсэн тухайгаа дурссан байна. "Тэр шөнөөс хойш өвдөлт мэдрээгүй нэг ч хором алга. Бие маань өвдөж байна. Гар, алга, хоолой гээд бүгд өвдөж байна. Одоо ч ярихад хэцүү хэвээрээ. Гэхдээ энэ бол зөвхөн бие махбодын өвдөлт биш, сэтгэл санаа, сүнс минь ч бас өвддөг" гэж Пайк хэлжээ. 1995 онд 19 настай ангийн охин Коллин Слеммерийг атаархал, үзэн ядалтын улмаас найз залуугийн хамт хутгалж алсан хэрэгт буруутгагдсан 50 настай Пайкийг есдүгээр сарын 30-ны өдөр Теннеси мужийн шоронд пентобарбитал бодис ашиглан цаазлахыг оролдсон ч амьд үлдсэн юм. Пайк 18 настайдаа шүүхээс цаазаар авах ял сонссон бөгөөд ийм ял сонссон хамгийн залуу эмэгтэйчүүдийн нэг болж байжээ. "Олон хүнийг ийм аймшигтай байдалд оруулсан холбогдох албаны хүмүүсийн чадваргүй байдалд би маш их харамсаж байна. Хохирогчийн гэр бүлийнхэн болон тэдний туулсан аймшигтай зовлон, гарз хохирлын талаар би байнга боддог" хэмээн тэр хэлсэн байна. Теннесси мужийн захирагч Билл Ли цаазаар авах ажиллагаа яагаад бүтэлгүйтсэнийг шалгахыг үүрэг болгож, энэ онд гүйцэтгэхээр төлөвлөж байсан бусад цаазын ажиллагааг хойшлуулсан. Мөн тус мужийн шоронгийн дарга албан тушаалаасаа огцорсон юм. Пайк өөрийнх нь амийг аварсан эмнэлгийн ажилтнууд болон өөрийг нь сайхан сэтгэлээр дэмжсэн хүмүүст талархаж байгаагаа илэрхийлжээ. "Тэр шөнө би яагаад амьд үлдсэнээ мэдэхгүй байна. Цаашид юу болохыг ч мэдэхгүй. Одоогоор би өдөр өдрөөр биеэ тэнхрүүлэхийг хичээж байна. Мөн намайг ганцаараа биш гэдгийг сануулсан олон хүний хайр, нинжин сэтгэлд найдаж байна” гэж тэр хэлжээ. Түүний өмгөөлөгчдийн мэдээлснээр үхлийн тариа хийх оролдлого бүтэлгүйтсэний дараа эмнэлэгт хэвтсэн эхний хэдэн өдөр Пайк ухаангүй, амьсгалын аппаратад холбоотой байсан юм. Эмнэлгийн болон цаазаар авах ажиллагааны мэргэжилтнүүд судсанд тарих шугамд (IV line) гарсан алдааны улмаас эм нь цусны урсгал руу орохын оронд биеийн бусад эд эрхтэнд хуримтлагдсан байж болзошгүй гэж дүгнэсэн. Пайкийн өмгөөлөгчид мужийн захирагчаас түүний ялыг бүх насаар хорих ял болгон хөнгөрүүлэхийг хүсээд байгаа. Ли энэ долоо хоногт сэтгүүлчидтэй уулзахдаа "Шүүхээс өөр шийдвэр гаргахгүй л бол түүний өмнөх ял хэвээр үлдэнэ гэж бодож байна" гэж хэлжээ. Баасан гарагт гаргасан мэдэгдлийг Пайк хоригдож буй шоронгийн эмнэлгээс өмгөөлөгчдийн багаараа бичүүлсэн байна. Эх сурвалж: Associated Press
