ОХУ-ын гадаад хэргийн сайд оролцон шалтгаанаар Их 20-ын орнуудын төлөөлөгчид цугтаа гэрэл зураг авхуулж чадсангүй
АНУ-д болж буй Их 20-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Европын дипломатчид ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хамт албан ёсны зураг авхуулахаас татгалзсаны улмаас зохион байгуулагчид уг арга хэмжээг цуцалжээ. Баасан гарагийн өглөө товлогдсон, уулзалтад оролцож буй бүх улс орны төлөөлөгчид багтах ёстой "бүлэг зураг авалт" цуцлагдсаныг албаны хоёр хүн хэвлэлүүдэд мэдээлсэн байна. Дэлхийн томоохон эдийн засагтай улс орнуудын дээд түвшний дипломатчидыг цуглуулсан энэхүү уулзалт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн удирдлага дор Атланта хотод зохион байгуулагдаж байгаа юм. Украин улс Их 20-ийн бүлгийн гишүүн биш боловч сүүлийн жилүүдэд ийм төрлийн уулзалтуудад хэд хэдэн удаа уригдаж байв. Гэхдээ энэ удаагийн уулзалтад Украиныг уриагүй байна. Украин, АНУ-ын харилцаа энэ сард онцгой хурцадмал байдалтай байсан бөгөөд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын хооронд дипломат маргаан үүсээд байгаа. Үүнд Украины талаас Оросын нутаг дэвсгэр дэх газрын тосны үйлдвэрүүдэд явуулсан агаарын цохилт гол шалтгаан болсон юм. АНУ-ын албаны хүний хэлснээр "зарим төлөөлөгчид хамтарсан зураг авхуулахаас татгалзаж байгаа нь тодорхой болсны дараа" уг арга хэмжээг цуцалжээ. Тэрбээр "Ёслолын шинжтэй зураг авалт нь дипломат үйл явцад саад учруулах шалтгаан болохоос сэргийлэх үүднээс АНУ уг арга хэмжээг цуцалж, гол анхаарлаа бодит хэлэлцүүлгүүдэд төвлөрүүлэхээр шийдсэн" гэж тайлбарласан байна. Украинаас ялгаатай нь сүүлийн өдрүүдэд АНУ, ОХУ-ын харилцаа тодорхой хэмжээнд сайжрах төлөвтэй байгаа. Учир нь Трамп зарим хориг арга хэмжээг цуцалж, Оросын дизель түлшийг Америкийн зах зээлд нийлүүлэх тохиролцоонд хүрсэн юм. Энэхүү алхам нь Ирантай холбоотой дайны улмаас үүссэн улс төрийн үр дагавартай олон сарын турш тэмцсэний эцэст, арваннэгдүгээр сарын эхээр болох Конгрессын завсрын сонгуулийн өмнө АНУ-ын зах зээлд шатахууны үнийг бууруулах гэсэн Трампын зорилготой холбоотой байлаа. Трамп зарим хориг арга хэмжээг цуцлах шийдвэр гаргаснаа Орос, Украины дайныг зогсоохын тулд Москваг “яриа хэлэлцээний ширээний ард суулгах оролдлого” хэмээн тайлбарласан юм. Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украины нутаг дэвсгэрт халдан довтолж эхэлсэн бөгөөд одоогоор Украины газар нутгийн тавны нэг орчмыг хяналтдаа аваад байна. Эх сурвалж: BBC
