“Эмнэлэг төвтэй” загвараас “Нийгмийн эрүүл мэнд төвтэй” тогтолцоо руу шилжүүлэх агуулга бүхий Эрүүл мэндийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.30/ Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, П.Ганзориг, О.Саранчулуун, Б.Хэрлэн нараас Эрүүл мэндийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл өргөн мэдүүлэв. Эрүүл мэндийн тухай хууль нь 2011 онд батлагдсанаас хойш нийт 31 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсны улмаас тус салбарын бодлого, зохицуулалт, хэрэгжилт хоорондын уялдаа хангалтгүй болж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн аж. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан 15 жилийн дараа ийнхүү эрүүл мэндийн салбарын “малгай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан өргөн мэдүүлж буйг дурдаад, хуулийн төсөлд цогц хэлбэрийн өөрчлөлтүүдийг хийж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжрах, чирэгдэл багасгах, санхүүгийн дарамтаас сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн бодлогоо тэргүүлэх чиглэл болгох чухал зохицуулалтуудыг тусгасныг онцлов. УИХ-ын дарга С.Бямбацогт, 2011 онд Улсын Их Хурлын гишүүн С.Ламбаа Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэн батлуулж байсныг дурсав. Тэрбээр, иргэдийн эрүүл мэндийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх, биеийн тамир, спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх, зөв зохистой хооллох чиглэлд анхаарч, хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийг дэмжих бодлогын зохицуулалтуудыг тусгасан нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Төсөл санаачлагч гишүүн Т.Мөнхсайхан Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдаад хоёр жил болж байна. Гэсэн хэдий ч Эрүүл мэндийн тухай хуульд нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтууд бага тусгагдсан. Иймд төслийн шинэчилсэн найруулгад нийгмийн эрүүл мэндийн талаарх бодлогыг тэргүүлэх чиглэл болгоход анхаарч, нэлээдгүй өөрчлөлтүүдийг тусгасан гэв. Шинэчилсэн найруулгын хүрээнд эрүүл мэндийн тогтолцоог “эмнэлэг төвтэй” загвараас “нийгмийн эрүүл мэнд төвтэй” тогтолцоо руу үе шаттайгаар шилжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих бодлогыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх суурь өөрчлөлтийг тусгахад чиглүүлсэн байна. Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийт 9 бүлэг, 53 зүйлтэй бөгөөд эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн аж. Хуулийн төслийн бүлэг тус бүр нь эрүүл мэндийн тогтолцооны үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг уялдаа холбоотойгоор зохицуулж, салбарын үйл ажиллагааг нэгдмэл, тогтвортой, үр дүнтэй байлгах эрх зүйн суурийг бүрдүүлэх зорилготой аж. Тухайлбал, төсөлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, эм зүйн тусламж, үйлчилгээ гэсэн гурван тулгуурт үндэслэн зохион байгуулж, тэдгээрийн уялдаа, залгамж чанарыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Эдгээр зохицуулалт нь эрүүл мэндийн салбарыг эмнэлэг төвтэй загвараас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, чанартай эмчилгээ, аюулгүй эмийн хэрэглээг нэгтгэсэн нийгмийн эрүүл мэнд төвтэй тогтолцоо руу шилжүүлэхэд чиглэсэн чухал шинэчлэл болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Түүнчлэн төсөлд эрүүл мэндийн санхүүжилтийг тогтвортой, ил тод, үр ашигтай, иргэн төвтэй болгох, улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрийг уялдуулж, иргэнийг эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг санхүүжилтийн бодлоготой холбох эрх зүйн үндсийг бүрдүүлэх зохицуулалтуудыг тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, тусламж, үйлчилгээ авах үндсэн эрхийг бодитой хэрэгжүүлэх эрх зүйн орчин сайжирч, эрүүл мэндийн тогтолцооны удирдлага, санхүүжилт, хүний нөөц, тусламж үйлчилгээ, эм зүй, дижитал эрүүл мэнд, мэдээллийн зохицуулалт харилцан уялдаатайгаар хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
