Автобусны жолоочийн зан харилцаа муу, хүнээ авахгүй явсан гэсэн гомдол нэг өдөрт хамгийн олон гарчээ
Нийслэл хотод өдөрт 1,100 гаруй автобус иргэдэд үйлчилдэг байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар иргэдээс талархал, санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэдэг. Тухайлбал энэ сарын 5-6-ны өдөр автобусны жолоочийн зан харилцаа муу, автобусны буудлаас хүнээ аваагүй гэсэн гомдол тус бүр 8 удаа буюу хамгийн их иржээ. Тус газраас иргэдийн гомдлын дагуу автобусны камерын бичлэгийг шалгаж, жолооч нарыг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж, зөрчил гаргахгүй ажиллуулах арга хэмжээг авчээ. Харин хүнээ аваагүй явсан автобусны жолооч нарыг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгожээ. 2025 оны статистик мэдээллээр нийтийн тээврийн салбарт 2,000 гаруй жолооч ажилладгаас 170 гаруй нь эмэгтэй хүн. Насны хувьд эрэгтэй 25-65, эмэгтэй 26-65 насныхан нийтийн тээврийн автобусыг жолоодож, иргэдэд үйлчилдэг бөгөөд дийлэнх нь 36-45 насныхан байна.
