Б.Мөнхжаргал: Гэр хороололд тэжээж байгаа нохой, муурыг бүртгэлжүүлж, вакцинд хамруулна
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, хуучнаар хар үнэгний фермийг нохой, муур түр асрамжлах байр болгоод буй. Уг объект нь нийслэлийн өмчид байдаг бөгөөд Нийслэлийн Мал Эмнэлгийн Газар нохой, муур түр асрамжлах байрны үйл ажиллагааг хариуцдаг байна. Өнөөдрийн байдлаар тус байранд 168 орчим нохой, 40 гаруй муур байгаа аж. Сүүлийн жилүүдэд газар чөлөөлөлттэй холбоотойгоор гэр хорооллоос орон сууцанд орж байгаа айл өрхүүд нохойгоо асрамжийн байранд авчирч өгдөг байна. Нохой, муураа асарч чадахгүй болсон тохиолдолд эзэнгүй орхихгүй, асрамжийн түр байранд авчирч өгөхийг Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас(УБЗАА) уриаллаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд 2025 онд 8,000 гаруй айл өрх, 2026 онд 22,000 гаруй айл өрх газар чөлөөлөлтөд өртсөн бөгөөд эдгээр айл өрхийн нохой гудамжинд гарах эрсдэл үүсжээ. Харин гэрийн тэжээвэр нохой, муурыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах гэж байгаа тухай УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал "2024 онд Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдсан. Хуулийн дагуу гэрийн тэжээвэр нохой, муурыг бүртгэлжүүлэх ажил хийгдэх ёстой. Хүнс хөдөө аж ахуйн яам болон Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох нарийвчилсан зохицуулалтыг хийх журмын төслийг боловсруулж байгаа. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мал, амьтны эмнэлгүүд орон сууцны айл өрхийн нохой, муурд спей зэрэг эмчилгээг хийдэг. Харин гэр хороололд тэжээгдэж байгаа нохой, муурт вакцин, туулга, спей, эмчилгээ хийх, бүртгэлд хамруулах үйл ажиллагаа явагддаггүй учраас нийслэлийн зүгээс нэг удаад гэрийн тэжээвэр нохой, муурыг бүртгэлжүүлэх, вакцинд хамруулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна. Гэр хорооллын нохой, муур эмчилгээ үйлчилгээнд хамрагдахгүй байгаа нь нийслэлд халдварт өвчин тарах эрсдэлтэй. Нохой, муур тэжээж байгаа иргэн амьтнаа бүртгэлжүүлэх, үржил хязгаарлах мэс ажилбарыг хийлгэх хуулийн зохицуулалттай байдаг. Иргэд тэжээж байгаа нохой, муураа гудамжинд сул тавих асуудал их гардаг. Ингэснээр үржилд орох, золбирох, гудамжаар эзэнгүй тэнэх нохой, муурын тоог ихэсгэх үндэслэл болдог. Гудамжинд золбирсон нохой ууланд гарч зэрлэгшин мал, амьтан барих тохиолдол их бүртгэгддэг тул эзэнгүй нохой, муурын тоог эх үүсвэр дээр нь багасгах зорилгоор энэ онд 4,700 орчим нохой, муурт үржил хязгаарлах мэс ажилбарыг хийсэн. Энэ дэлхий дээр хүн нохой, амьтад зэрэгцээд амьдарч байдаг учраас тэжээж байгаа нохой, муураа эрүүл мэндийн үзлэг, вакцинд хамруулж, хариуцлагатай эзэн байхыг уриалж байна" хэмээн ярилаа. Гэрийн нөхцөлд дассан нохойг түр асрамжлах төвийн өвлийн байранд байлгадаг бөгөөд уурын зуухыг 11 дүгээр сарын 15-наас галладаг байна. Үүнээс гадна амьтан асрамжлах байрны ажилтнууд модоор нохойн үүр хийж, өвс дэвсэн том нохойнуудыг байлгадаг бол жижиг болон гөлөгнүүдийг өвлийн байранд оруулдгийг хэлэв. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр нийслэлийн хэмжээнд гэрийн тэжээвэр нохой 41,077, муур 3,636 бүртгэгджээ.
