Сурагчид өнөөдөр хичээллээд ДОЛОО ХОНОГ амарна
2026–2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улирлаар хичээллэж байгаа. Энэ дагуу сурагчид өнөөдөр хичээллээд долоо хоног амарч, арваннэгдүгээр сарын 9-нд шинэ улирлын хичээл эхэлнэ. Боловсролын сайдын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Шинэ бүтцийн гол өөрчлөлтүүд: Дөрвөн улиралтай болсон. Өмнө нь нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байсныг өөрчилж, сурагчдын хичээллэх болон амрах хугацааг тэнцвэржүүлсэн. Өвлийн амралтыг оновчтой болгосон. Нийслэлийн сурагчид 12 дугаар сарын гурав дахь долоо хоногт бие даалтын үйл ажиллагаанд шилжиж, үргэлжлүүлэн гурван долоо хоног амарна. Цагаан сарын долоо хоногт бие даалтын долоо хоногийг зохион байгуулна. Сурагчид үндэсний өв уламжлал, ёс заншлаа судлах бөгөөд бие даалтын үйл ажиллагааг хэт ачаалал үүсгэхгүйгээр зохион байгуулна. Орон нутгийн онцлогийг харгалзав. Хичээлийн жилийн хоёр удаагийн бие даалтын долоо хоногийг Цагаан сарын баяр, нийслэлийн өвлийн амралт, орон нутгийн мал төллөх үетэй уялдуулсан. Зуны амралт эрт эхэлнэ. Бага ангийн сурагчид тавдугаар сарын хичээл дуусмагц, дунд болон ахлах ангийн сурагчид зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногоос амарна гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан цахим хуудсандаа бичжээ.
