Б.Анар: МХБ цаашид зөвхөн хувьцааны арилжааны талбар бус бизнесийн өсөлт, хөрөнгө оруулалтын боломжийг холбосон гүүр болохоор зорьж байна
“Монгол Улсын 2027 оны эдийн засаг, хөрөнгө оруулалтын төлөв” буюу “Mongolia’s 2027 Economic and Investment Outlook” арга хэмжээ өчигдөр (2026.10.29) зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Анар Монголын хөрөнгийн бирж цаашид зөвхөн хувьцааны арилжааны талбар бус, бизнесийн өсөлт, хөрөнгө оруулалтын боломжийг холбосон гол гүүр болохоор зорьж байгааг онцолсон байна. Тэрбээр “Монголын хөрөнгийн зах зээл зөвхөн хувьцаа арилждаг зах зээл биш бизнес, төсөл, төр болон хувийн хэвшлийн урт хугацааны санхүүжилтийг холбодог бодит санхүүгийн дэд бүтэц болон хөгжихөд зорьж байна. Бид энэ өсөлтийг цаашид зөвхөн тоогоор бус, зах зээлийн чанар, хөрвөх чадвар, бүтээгдэхүүний төрөлжилт, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо гэсэн үзүүлэлтүүдээр хэмжих ёстой гэж үзэж байна. Монголын хөрөнгийн бирж энэхүү холболтыг бий болгох, хувийн хэвшлийн урт хугацааны санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, Монголын зах зээлийг олон улсын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй, ойлгомжтой, хөрвөх чадвартай болгохын төлөө ажиллах болно” гэв.
